“Бүтээлч багш” уралдаанд 134 багш оролцож шилдгүүдээ тодруулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-02 21:18:46

Архангай /МОНЦАМЭ/. “Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн ЕБС, цэцэрлэгүүдийн багш нарын дунд “Бүтээлч багш-2019" уралдааныг 11 дүгээр сарын 28-30-ны өдөр зохион байгууллаа.

Уралдааныг сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, байгалийн, нийгмийн, хүмүүнлэгийн ухаан, орос хэлний багш гэсэн зургаан чиглэлээр зохион явуулжээ. Энэ уралдаанд сургууль, цэцэрлэг бүрээс шалгарсан нийт 134 багш оролцож, хичээл заалт болон өөрийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж өрсөлдсөн байна.

Сургуулийн өмнөх боловсролын төрөлд 30 багш оролцсоноос 2-р цэцэрлэгийн багш А.Эрдэнэчимэг, бага боловсролын төрөлд 27 багш оролцож, 3-р сургуулийн багш Н.Туяацэцэг, байгалийн ухааны төрөлд 23 багшаас Хотонт сумын ЕБС-ийн багш П.Саранжаргал, нийгмийн ухааны төрөлд 30 багш өрсөлдсөнөөс Ихтамир сумын сургуулийн багш Б.Батбаяр, хүмүүнлэгийн ухааны төрөлд 1-р сургуулийн багш М.Одбаяр, орос хэлний төрөлд Ихтамир сумын сургуулийн багш О.Сүхбаатар нар түрүүлж, батламж, БНСУ-д аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Удаах буюу 2, 3-р байрт орсон багш нарыг өргөмжлөл, өнгөт болон лазер принтерээр шагнаж урамшуулсан байна. Харин тусгай байрт орсон багш нарыг хөрш орнуудад аялах эрхийн бичгээр шагнажээ. 

Холбоотой мэдээ