Ардын багш Д.Төмөрийн нэрэмжит “Хөдөлмөр алдрын танхим”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-03 14:07:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэрэн сумын дунд сургууль Монгол Улсын Ардын багш, Гавьяат багш, Хүндэт профессор Далхсүрэнгийн Төмөрийн нэрэмжит “Хөдөлмөр алдрын танхим”-тай боллоо.

Энэхүү танхимыг тус сургуулийн хүсэлтээр Дэрэн сумын сургуулийн монгол хэл, бичгийн багшаар олон жил ажилласан Ардын багш Д.Төмөр болон түүний гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран бүтээн байгуулж, утга агуулга, өнгө үзэмж, арвинтай түүхийн иж бүрэн үзүүлэнтэй нь хийж өгсөн байна.

Ардын багш Д.Төмөр танхимынхаа тухай “Дэрэн сумын сургуулийн хамт олны хүсэлтийг сэтгэл өндөр хүлээн авч, энэ оны 4-11-р сар хүртэл төрөл төрөгсдийнхөө хамт хөдөлмөрлөж, бүтээж, эмхэлж цэгцэлж, үзэсгэлэнгийн байдалд оруулж, хэн бүхэнд үлдэх сургамж зэрэг олон талыг бодон бодон, өөрсдийн сурган хүмүүжүүлэх 47 жилийн тайлан болсон “Хөдөлмөр алдрын танхим”-аа бий болгож, төрөлх сургуульдаа хүлээлгэж өгсөндөө туйлын баяртай байна” гээд сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийг маань тасралтгүй үнэлсээр байгаа тус сургуулийн хамт олон та бүхэн эх орны ирээдүй залуу үеэ хүмүүжүүлэн сургах ариун үйлстээ ихийн их амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе гэжээ.

Д.Төмөр эхнэр Д.Чанцалнямын хамт тус сургуульд 10 гаруй жил ажиллаж, ажил амьдралаа холбон, сургуулийнхаа хөгжил, сумынхаа ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсролд үнэтэй хувь нэмрээ оруулсан гавьяатай нэгэн юм. Тиймээс түүний хөдөлмөр бүтээлээр ирээдүйд хүүхэд, залуучуудын боловсролд үеийн үед хэрэг болох үнэтэй бүтээлүүд, сургамжийг харуулж, ийнхүү танхим  байгуулсан нь үнэлж баршгүй оюуны их хөрөнгө оруулалт болжээ. 

Холбоотой мэдээ