“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага”-ыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тухайд НҮБ-аас гишүүн орнууддаа “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсны дагуу ХХҮГ-аас төрийн бус байгууллагуудтай хамтран өдөрлөг зохион байгуулав.
Тус өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид болон аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн НБХ-ийн дарга Н.Цасчихэр, аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд нар оролцлоо.
Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
тулгамдаж буй асуудлыг тэдний оролцоотойгоор шийдвэрлэх, эрхийг бодит болгох,
хөгжлийн бэрхшээлээс үл хамааран нийгмийн харилцаанд тэгш оролцох оролцоог
хангах, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, хөгжлийг дэмжихэд төр, төрийн бус
байгууллагууд хамтран ажиллаж ирсэн.
Хуулиндаа 25 болон түүнээс дээш ажилчидтай байгууллага нэг хөгжлийн
бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангана гэж заасан байдаг. Сүүлийн жилүүдэд
энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэгч байгууллагууд нэмэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй
гэж ялгалгүй нэг хамт олон болох, нийгэмд өөрийн байр сууриа эзлэхэд нь ихээхэн
дэмждэг болсныг энэ үеэр ХХҮГ-ын дарга С.Энхболд дурдсан. Түүнчлэн тухайн
иргэд хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх
чиглэлд анхаархан ажиллаж байгаа гэлээ. Тодруулбал тэргэнцэртэй иргэдийн
тэргэнцэр засварын төвийг энэ онд байгуулсан, хэвлэл хаяг, реклам чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг гэр бүлийн иргэдийг дэмжиж тухтай орчинд ажиллах боломжийг
нээсэн зэрэг тэдэн рүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын нэрэмжит “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй
байгууллага”-ыг шалгаруулж шагнасан юм. Өнөө жил энэхүү уралдаанд төр хувийн
хэвшлийн 17 байгууллага материал ирүүлснээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Оргил
худалдааны төв шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан юм.