Д.Лхагвабуд: Би Хархорины газар тариалангийн галыг унтраахгүй юмсан гэж л бодож явсан

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-12-07 15:25:59


Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг тохиолдуулан тус салбарын хөгжилд онцгой гавьяа байгуулан ажилласан нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон медалиар энгэр мялаасны нэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монголын тариаланчдын үндэсний хорооны аймгийн салбарын тэргүүн Дашзэвэгийн Лхагвабуд байв. Тэрээр газар тариалангийн салбарт 35 жил зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат агрономич болсон юм. Хархорины сангийн аж ахуйнхан, тэдний залгамж халаа болсон хойч үеийнхэн түүхт 60 жилийн ойгоо Хархорин суманд тэмдэглэх үеэр түүнтэй ярилцлаа. 



-        -Монгол Улсад анхны эмэгтэй гавьяат агрономич болсонд баяр хүргэе.

-    -Баярлалаа. Төр засаг, ард түмэн, Хархоринчуудынхаа дэмжлэг, хамт олныхоо сэтгэл, хүч хөдөлмөрөөр энэ сайхан шагналыг авлаа. Өмнө нь энэ шагналд удаа дараа тодорхойлж байсан, гэвч хасагдчихдаг болохоор энэ удаа ч авна гэж бодож байгаагүй. Гэтэл гэнэтхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаад хэлэхэд нь би их цочирдсон л доо. Тэгээд шагнал авсны дараа маш олон хүн баяр хүргэсэн. Тэрэнд нь омогшиж, урам авч, “Хүнд хэцүү цаг үед хэрхэн ажиллаж байсныг хүмүүс мэддэг юм байжээ” гэж бодож, их баярласан даа. Атрын талбайд мотоцикл унаад эр хүн шиг явдаг байсныг минь дурсан  ярьж байгаа хүн олон байгаад өөрийн эрхгүй бахархаж сууна.

Улсын хэмжээнд гавьяат агрономич олон байдаг ч эмэгтэй хүн байгаагүй гэж мэргэжилтнүүд хэлж байсан. Харин эмэгтэй гавьяат механикжуулагч гэж байдаг, тэр хүн бас манай Өвөрхангайн Баянгол сумын хүн юм байна. Үүнийг сонсоод бас бахархаж байлаа.

-       -Та газар тариалантай холбогдсон амьдралынхаа түүхээс товч хуваалцахгүй юу?

-       -Би газар тариалангийн салбарт 35 жил ажиллаж байна. Хархорин нутгийн уугуул хүүхэд. Хархоринд Атрын аж ахуйг 1959 онд байгуулсны дараа жил төрсөн. Эмээ, өвөө, аав, ээж маань анхны Сангийн аж ахуйн үтрэм дээр ажилладаг байсан болохоор би хүүхэд байхаасаа л ногооны талбай дээр өссөн дөө. Өвөө маань сум, аймгийн аварга ногоочин хүн байлаа. Би эмээ, өвөөгийн хүүхэд болохоор тэднийгээ дагаад тариалангийн талбайд л өнжинө. Тиймээс миний бүх амьдрал газар тариалантай салшгүй холбоотой байсаар ирсэн юм.

Одоо би 60 нас хүрлээ. Түүний 35 жилийг газар тариалангийн салбарт зориулсан. Ногоо бригадын даргаас эхлээд Үр тарианы тасгийн дарга, “Хархорин” ХХК-ийн захирал, сумынхаа ИТХ-ын дарга гэх албан тушаалыг хашиж байв. Одоо хэдийгээр тэтгэвэрт гарсан ч гэсэн цаашдаа чадлаа барагдтал энэ тариалангийн салбарын төлөө зүтгэнэ гэж боддог.

-       Та бас Монголын тариаланчдын холбооны Өвөрхангай дахь салбарын тэргүүнээр ажилладаг. Салбарын хөгжил, дэвшил, нөхцөл байдал өнөөдөр ямар түвшинд байгаа вэ?

-       Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих ороо бусгаа цаг үед манай тариаланчид, сангийн аж ахуйнхныг харж хандах байгууллага байхгүй, орхигдох хандлагатай болж ирсэн л дээ. Газар тариалан гэх зүйл миний зүрхэнд байдаг учраас тэр үед тариаланчдаа зохион байгуулж ажиллая гэсэн сэтгэл өвөрлөөд энэ салбарыг байгуулж, 15 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд тариаланчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрх ашгийг хамгаалах, техник технологийн шинэчлэлийг хийх гээд бүх талын ажилд анхаарч ирсэн.

Аймгийн газар тариалангийн бараг 80 хувь нь Хархоринд байна. Тэгэхээр улсад 5-т ордог энэ том аж ахуйнхаа уламжлал, угсааг алдахгүйг хичээж ажилладаг. Хамгийн гол нь би Хархорины газар тариалангийн галыг унтраахгүй юмсан гэж л бодож явсан. Хэцүү үед өчнөөн өр тавиад зун нь уринш хийгээд ... /хоолой нь зангирч байлаа/ Би өөрийгөө золиослож явсан юм. Яаж ийгээд хэдэн га-д тариалалт хийж байгаад хүмүүсийг нааш нь татаж оруулах юмсан гэж зүтгэдэг байсан. Үүний үр дүнд өнөөдөр манай Хархорины газар тариаланд маш их хөрөнгө оруулалт хийж, олон сайхан залуучууд энэ салбарт орж ажиллаж байгаад баярладаг.

-       -Газар тариалангийн салбарт ажиллахад танд хамгийн бахархалтай санагддаг зүйл нь юу вэ?

-     -Гавьяатууд, Хөдөлмөрийн баатрууд гээд олон мундаг сайхан хүмүүстэй ажиллаж ирсэн. 1989 онд атрын 40 жилээр ургацын өндөр амжилт гаргаж, манайхаас гавьяат төрж байлаа. Улсын аварга салаа, бригад ч төрж байлаа. Ийм чадварлаг баг, хамт олонтой ажиллахад сэтгэл бахдам байдаг.

Салбарынхаа хэмжээнд жил бүр аваргуудаа тодруулж, баяраа тэмдэглэж ирсэн ч энэ удаа 60 жилийн ой тохиож байгаа болохоор илүү өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээж ажиллалаа. Атрын 60 жилийн ой тэмдэглэх ажлыг манай холбооноос голлон зохион байгуулж байгаа юм.

-       -Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаар хувьсаж, хөдөө аж ахуйн салбарт багагүй бэрхшээл учруулдаг боллоо. Та бүхнээс мэдлэг чадвар, хүч хөдөлмөрийг их л  шаардаж байгаа болов уу?

-       -Үнэхээр бэрхшээлтэй. Хуучинтайгаа адилгүй болжээ. Намайг Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономийн ангийг төгсөөд ирж байхад тэднээс тэдний хооронд тариагаа тарина, тэдэнд уриншаа хийнэ гээд технологийн ажлууд товлосон хугацаатай байдаг байлаа. Одоо бол цаг агаараа л хардаг болсон. Хэзээ бороо орох, хэзээ хуурай гандуу байх вэ тэр нөхцөлд тохируулж л тариалалтаа хийж байна.

Гэхдээ шинэчилсэн техник, технологиуд гарч, хөрөнгө оруулалт багагүй хийж байгаа учраас усалгаатай газар тариалан бага багаар хөгжинө гэж бодож байгаа. “Хархорин” ХК-ийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр хувьчлагдсан ч олон хүнийг ажлын байраар хангаад, том талбайд чацаргана, тэжээлийн ургамал, үр тариа тариалж, Хархорин сангийн аж ахуйн гал голомтыг бадраагаад явж байгаа юм. Ер нь Хархоринд усалгаатай газар тариаланг хөгжүүлэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа олон компанийг энд дурдаж болно.

-       -Цаг агаараас өөрөөр тулгамдаж байгаа асуудал бий юу?

-     -Үрийн асуудал байна. Малчин, тариаланчдын хоорондын тэмцэл байна. Хамгийн хэцүү асуудал бол тэр. Уг нь нэг орон нутагт, нэг довон дээр байгаа улсууд бие биенээ ойлгоод, дэм болоод явж байвал зүгээр юмсан. Газар тариалангаар дамжаад өвөлжөөгөө, өвөлжөө хавийнхаа бэлчээрээ хамгаалуулчихаж байна гэдгийг малчид маань яваандаа ойлгох байх аа.

-       -Танд баярлалаа. Ургац арвин байх болтугай.

Холбоотой мэдээ