Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-11 10:08:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Архигүй ирээдүйн төлөө хамтдаа" аяны хүрээнд шинэ жилийн баярыг албан байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнд тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг уриаллаа.

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, аймгийн Цагдаагийн газраас өрнүүлж буй тус аянд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, нийт иргэдээ нэгдэхийг уриалж байгаа аж.

Согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр 2019 онд “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа” аянд төрийн байгууллага, иргэдийг хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Учир нь тус аймагт согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг болон зөрчлийн төлөө өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Тодруулбал, Өмнөх оны 11 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 169, зөрчил 1091 бүртгэгдсэн бол энэ онд гэмт хэрэг 210, зөрчил 1148 болж өсчээ.


Холбоотой мэдээ