Архангай аймгийн нутгийн зөвлөл урлаг соёлынхонтойгоо уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-09 17:18:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлийнхөн аймаг орон нутгаасаа төрөн гарсан урлаг соёлынхонтойгоо уулзлаа. 

Уулзалтад Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, нутгийн зөвлөлийн гишүүн, УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, нутгийн зөвлөлийн менежер, жүжигчин Цолмон нар Ардын жүжигчин Д.Самбуу, Г.Равдан, Э.Бүрэнбэх, төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, МУУГЗ, хөгжмийн зохиолч М.Булган,  МУГЖ Дэлгэржаргал нар оролцов.


Ж.Мөнхбат "Манай нутгийн зөвлөл "Амь нэг Архангай" гэсэн төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээн дэх анхны уулзалтаа 1000 малчны анхны зөвлөлгөөнөөр эхлүүлсэн. Аймгийнхаа сум бүрээс 50 малчин ирүүлж, мал аж ахуй, хөдөө аж ахуйн тулгамдсан асуудлаа ярилаа. Өнөөдөр урлаг соёл, спортынхон, бизнесийнхэнтэйгээ уулзаж байна. Бид ирэх хавар "Гэр" театр барьж эхэлнэ. Энэ театрт Архангайнхаа уран бүтээлчдийг дэмжсэн бүх ажлыг явуулна. Одоо энэ ондоо багтаад Зая гэгээнтний эхлүүлсэн хийдийг барьж дуусгана. Архангайгаар овоглосон залуу уран бүтээлчдийг дэмжин ахмад үеийнхнийхээ туршлагаас суралцан, хамтран уран бүтээл хийхэд нь бүх талаар тусална. Бидэнд кино хийсэн ч болох шинэ тоног төхөөрөмж байна. Дууны дүрс бичлэг хийх студи нээлээ. Эдгээрийг бүрэн ашиглаж уран бүтээлээ хийгээч гэж урьж байна. Кино, дууны клип гээд уран бүтээл бүхэндээ Архангайн уран бүтээлчид нэгдэж ажиллахыг урьж байна" гэлээ.

Харин урлаг соёлынхон шинэ залуу уран бүтээлчдийг бодлогоор дэмжих, аймгийнхаа хөгжимт драмын театрт ажлын байраар хангах, соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг төгсөөд ажилтай болоход нь  туслах, Архангайд дутагдалтай байгаа бүжигчний асуудлыг шийдэх нэн шаардлагатай байгаа тухай санал тавив.

Аймгийн нутгийн зөвлөлийнхөн энэ сарын 20-нд сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролынхонтой  уулзалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэ сарын 22-нд УДБЭТ-т "Амь нэгтэй Архангай" нэгдсэн уулзалтыг дээрх бүх салбарынхнаа оролцуулан хийнэ гэдгээ Нутгийн зөвлөлийн удирдлагууд мэдээлэв. Оюутан залуусын урлагийн наадам хийж, авьяаслаг залуусаа тодрууллаа.


Холбоотой мэдээ