АНУ-ын төлөөлөгчийн автомашины цуваанд явсан жийп 7 настай хүүг мөргөж амийг нь хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-19 10:34:01

ЯУНДЕ. /Sputnik/. АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Саманта Пауэрын суусан автомашиныг дагалдах цуваанд явж байсан хуягласан жийп машин нэгэн хүүг мөргөж, амийг нь хөнөөжээ.

Уг хэрэг Камеруны хойд нутгийн Молоко тосгоны орчимд болсон байна. Байнгын төлөөлөгч болон түүний туслахууд дүрвэгсэд, орон гэргүй болсон хүмүүстэй уулзахаар явж байжээ.

Машины цувааг харахаар замын хоёр талаар хүмүүс зогсож байх үед цуваа 90 гаруй км цагийн хурдтай явж байжээ. Энэ үед цувааны зургаа дахь машины урдуур гэнэт нэгэн хүүхэд гүйн орж ирээд мөргүүлсэн байна.

Хүүг мөргөсний дараа аюулгүй байдлын үүднээс цувааг зогсоолгүй цааш явах тушаалыг өгсөн байна. Цуваа явж өнгөрсний дараа түргэн тусламжийн машин ирж, хүүг эмнэлэгт хүргэсэн боловч түүний амийг аварч чадсангүй.

Хэрэг гарснаас хэдэн цагийн дараа Саманта Пауэр хүүгийн ар гэрийнхэнтэй уулзаж, гүн эмгэнэл илэрхийлж, зүрх сэтгэл нь шаналж байгааг хэлжээ.

Энэ эмгэнэлт хэрэг болсны дараа автомашины цуваа тухайн өдрийн турш хурдаа хасаж явсан байна. Хүүг мөргөсөн машины жолооч нь Камеруны иргэн байсан бөгөөд тус улсад автомашины осол байнга шахуу гардгийн ихэнх нь шороон зам дээр хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс үүдэлтэй байдаг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ