Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил топ 10-т шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн мисс 2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Мандахын Цэвэлмаагийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажил 130 орны бүсгүйчүүдээс топ 10-т шалгарлаа. Тэрбээр хүмүүнлэгийн төслөөрөө тус тэмцээний шилдэг 10-т шалгарсан анхны монгол мисс болж байна.
М.Цэвэлмаа нь Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийг бууруулах, өвчний эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор "Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий" төслийг санаачлан хэрэгжүүлэхдээ элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн бүрдүүлжээ. Мөн элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх вакцинд 486 хүнийг хамруулж, тус вирусээр халдварласан тохиолдолд даатгалын системд хамрагдах боломж бий болгох зэрэг чиглэлээр үе шаттай ажил хийсэн нь ийнхүү үнэлэгджээ.