“Архангай судлал-инновацийн төв” ТББ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-11 17:57:56

Архангай /МОНЦАМЭ/. “Архангай судлал-инновацийн төв” ТББ-ыг ахмад багш М.Шагдарсүрэн санаачлан байгуулж, анхны хурлаа хийлээ. Тус төв нь Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, төрөөс шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэх, аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал бүрийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн, оновчтой шийдэл гарган хэрэгжүүлэх, инновацид суурилсан хөгжлийг дэмжихэд эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, иргэдийн оролцоог сайжруулах зорилготой юм.

Харин үйл ажиллагаагаа таван үндсэн чиглэлд чиглүүлжээ. Тухайлбал, санаачлагчдын боловсруулсан санал, төсөл, хөтөлбөртэй танилцан сурталчлах, туршилт судалгааны ажлыг нь дэмжин, үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэм болох, аймгийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлын биет ба биет бус өвийг судалж, сурталчлах, хамгаалах, аялал жуулчлалд ашиглах, улмаар Монгол Улсын болон дэлхийн өвд бүртгүүлэх, аймгийнхаа уламжлалт технологи, өв соёлыг сурталчлах, кино, нэвтрүүлэг бэлтгэх зэрэг ажлууд юм. Мөн “Архангай судлалын танхим” байгуулж, мэдээллийн санг бүрдүүлэх ажээ.

 “Архангай судлал-инновацийн төв” ТББ-ын анхны хурлаар оролцогчдын саналыг сонссон юм. Үүний дүнд уг ТББ-ыг нийгэмд үйлчлэх бие даасан ТББ болгон зөвшөөрөл авах, удирдах зөвлөлийг 9-10 хүнтэй байгуулж, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, хэвлэл мэдээлэл сурталчилгааны, шинэ санаа, шилдэг технологи, түүх соёл, аялал жуулчлал, байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийг дэмжих гэсэн чиглэлээр дэд зөвлөлүүдийг ажиллуулахаар боллоо. 

Холбоотой мэдээ