Хархорум хотын 800 жилийн ойг ЮНЕСКО-той хамтарч тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ирэх 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохионо. Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордноос цэрэг, зэвсгийн агуулах хот болох Хархорум руу шилжүүлэх зарлиг гарч байсныг Өгэдэй хааны үеэс эхлүүлж, Хубилай хааны үед барьж дуусгасан аж.
Энэхүү түүхэн үйл явдлыг өнөө үе, хойч ирээдүйд мэдүүлэх нь чухал ач холбогдолтой учраас ёслол төгөлдөр тэмдэглэх, сурталчлах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилсон байна.
Мөн ЮНЕСКО-той хамтран тэмдэглэх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 206 дугаар чуулган, Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар тус тус хэлэлцэн дэмжигдээд байгаа юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Шин Чютэй уулзалт хийж, Хархорин хотын 800 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд удирдлагуудыг урьжээ. Ойд зориулж, дэлхийн хэд хэдэн оронд үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа аж.