Бразилын Ерөнхийлөгч хорт хавдар туссан байж магадгүй тухайгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2019-12-12 12:03:53

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару арьсны хорт хавдар туссан байж магадгүй тухайгаа лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.


“Би идэвхтэй амьдралын хэв маягийг илүүд үздэг, амьдралынхаа хугацаанд маш их загасчилсан, миний арьс цайвар учраас арьсны хорт хавдар тусах магадлалтай” гэж тэрбээр хэлснийг Бразилын төрийн мэдлийн “Globo” сонин дамжуулсан байна. Бразилын Эрүүл мэндийн яамнаас гаргасан статистик мэдээллээр, тус улсад бүртгэгдсэн нийт хорт хавдрын гуравны нэг орчим хувийг арьсны хорт хавдар эзэлдэг байна. Ихэнхдээ энэ нь 40-өөс дээш насны цайвар арьстай хүмүүст тохиолддог бөгөөд наранд удаан хугацаагаар байх нь арьсны хорт хавдар тусах эрсдэлт хүчин зүйлсийн нэг ажээ.


Биеийн байдлынх нь талаар асуухад Болсонару, "Антониу Хэмилтон Моурау одоохондоо хоёр дахь хүн хэвээр байна" гэж хошин өнгө аясаар хариулжээ. Бразилын Үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүн таалал төгссөн тохиолдолд дэд ерөнхийлөгч түүний оронд ерөнхийлөгчийн албыг хашдаг байна.


Холбоотой мэдээ