Төлбөрийг хуулийн хүрээнд эргэж шийдвэрлэхээ илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-13 12:50:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан юм.

Тэрээр, “Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны удирдлагаас надад өгсөн чиглэл, зөвлөмжид хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөрийн талаар бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна.

Үүний дараа нэгтгэж НИТХ-аар оруулж дахин хэлэлцүүлнэ. Хэрвээ үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд яах вэ гэвэл би одоохон бүгдийг нь өөрчлөөд хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг амархан зүйл алга. Гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь  явуулах гэдэг дээрээ ярилцаж, шийдэлд хүрэх  шаардлагатай болно” гэв.


Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, “Авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр байгааг хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх”-ийг хотын захирагчаас шаардахад С.Амарсайхан дарга, “Өнөөдөр энд ямар ч судалгаа тооцоогүйгээр, сэтгэл хөөрлөөр ингэж тэгэж бууруулна гэж хандах нь боломжгүй” гэдгийг илэрхийлээд хуулийн хүрээнд судалж НИТХ-д өргөн барихаа мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Уулзалтад Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүс оролцов. 

Холбоотой мэдээ