НИТХ-аар өнөөдөр зам ашиглалтын төлбөрийг эргэн хэлэлцэнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-16 09:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Авто зам ашигласан төлбөрийн нэмэгдлийн талаар эргэн хэлэлцэх юм.

Энэ талаар өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Уг хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулсан.




Тэрээр “2020 оны нийслэлийн төсөвт нийт нэг их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн. Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсаныг дахин мэдээлсэн юм.

Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж, 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо.

Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр багасган 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж байна. Дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо.


Б.Болд

Холбоотой мэдээ