Түмэнцогт сумын цэцэрлэгт “Өвсний үндэс” төслийн санхүүжилтээр их засвар хийнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-12-16 15:11:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түмэнцогт сумын цэцэрлэгийн их засварын ажлыг Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэхээр болжээ. Улмаар аймгийн Засаг дарга, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Төслийн хүрээнд нийт 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт их засвар хийнэ. 2020 оны 4 дүгээр сард гүйцэтгэгийн сонгон шалгаруулах тендер зарлагдаж, 6 дугаар сараас засварын ажил эхлэх юм байна.

Анх 90 хүүхдийн ортой баригдсан барилгад өдгөө 200 хүүхэд СӨБ эзэмшиж байна. Бид өөрсдийн нөөц боломжийг ашиглан хоёр бүлгийг нэмэлтээр ашиглалтад оруулснаар ийнхүү 200 хүүхэд авах боломжтой болсон. Гэхдээ барилга 40 гаруй жилийн насжилттай болохоор эдэлгээгүй болсон. Дээвэр муудаж, өвөлдөө маш хүйтэн байх болсон. Тиймээс бид хоёр, гурван жилийн өмнөөс Японы “Өвсний үндэс” төсөл рүү хандсан. Улмаар өнгөрсөн хавар төслийн багийнхан ирж цэцэрлэгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаад явсан юм. Харин энэ онд дэмжигдэж, цэцэрлэг маань бүрэн засварт орохоор боллоо, маш их баяртай байна гэж Түмэнцогт сумын хүүхдийн цэцэрлэгийн аргазүйч Х.Мөнхчимэг ярилаа.

Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь 1978 оны 9 дүгээр сард анх ашиглалтад орж байжээ.

 

 

Холбоотой мэдээ