Дархан-Уул аймгийн шилдэг сэтгүүлчээр Ө.Рагчаасүрэн тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-16 17:44:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл энэ сарын 13-нд тухайн оны шилдэг сэтгүүлч тодруулах “Ган үзэг” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. 2019 оны Дархан-Уул аймгийн шилдэг сэтгүүлчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Өвгөнхүүгийн Рагчаасүрэн тодорч шилдэг сэтгүүлчийн цом хүртлээ.

2013 оноос хойш тасралтгүй зохион байгуулж, цом мөнгөн шагнал олгодог болсон тус үйл ажиллагааны энэ оны шилдгээр тодорсон Ө.Рагчаасүрэн нь 2019 онд дэлхийн сонгодог уран зургийн эсээ нийтлэлийн 4 дэх ном болох “Уран зураг”, Монголын шилдэг нийтлэлийн 91 дэх боть хэвлүүлэн уншигч, уран зураг сонирхогчдын хүртээл болгосон аж. Жил бүрийн шилдэг сэтгүүлчид УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 100 ам.доллар, цомын хамт давхар гардуулдаг уламжлалтай. Энэ удаад ч мөн энэхүү шагналыг МУСГЗ, Сэтгүүлч Ө.Рагчаасүрэнд гардуулсан юм.

Ө.Рагчаасүрэн нь 1990-ээд оны эхний хагасаас эхлэн Дархан-Уул аймагт анхны чөлөөт телевиз болох “RGB” телевизийг байгуулан ажиллаж байсан бөгөөд одоо ТВ9 телевизийн инфо мэдээллийн сүлжээний Дархан дахь сурвалжлагч, Хэвлэлийн хүрээлэнгийн зочин багшаар тус тус ажиллаж байна. Түүнчлэн салбартаа төдийгүй аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулан ажиллаж буй Ц.Түвшинжаргал, Б.Отгонбаяр, Д.Батчулуун нар аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, МСНЭ-ийн дээд шагнал “Ган үзэгтэн”-ээр Э.Түвшинбаяр нар шагнуулжээ.

Дархан-Уул аймаг дахь салбар 2019 оныг амжилт бүтээл дүүрэн үдэж байгаа төдийгүй МСНЭ-ийн “Ган үзэг” шилдгүүдийг тодруулдаг номинацийн гурван төрөлд хүч сойсноос Орон нутгийн шилдэг радиогоор “Хос Дог” уран бүтээлийн нэгдлийн дэргэдэх Бизнес радио-106.5 шилдгээр тодорсон юм. Түүнчлэн шилдэг телевизэд нэр дэвшсэн “DBS” ТВ,  шилдэг сэтгүүлчид нэр дэвшсэн “RGB” телевизийн сэтгүүлч Б.Отгонбаяр нар шилдэг гуравт шалгарсан амжилтыг үзүүлжээ.

Ийнхүү МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар оны шилдгүүдээ тодруулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан гишүүдээ шагнан урамшуулав.

Холбоотой мэдээ