Хятадад 4500 жилийн өмнөх оршуулгын газар олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-04-19 14:08:58

БЭЭЖИН. /TASS/. Хятадын археологичид тус улсын баруун өмнөд хэсэгт оршдог Сычуань мужаас эртний оршуулгын газрыг олсон байна. Энд байгаа шарилууд нь шинэ чулуун зэвсгийн үе буюу неолитийн үед хамаарах бөгөөд 4500 орчим жилийн өмнө нас барсан хүмүүсийнх ажээ.

Оршуулгыг Даи хошууны Жаоань тосгоны орчмоос олсон байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар, олон тооны шарилыг хооронд нь маш ойрхон зайд тавьсан байсан бөгөөд хүн судлаачдын хувьд хамгийн гол нь эртний хүмүүс оршуулгын ёслолыг янз бүрийн ёс заншлын дагуу үйлддэг байсан нь эртний хүмүүсийн ахуй амьдрал, ёс заншлыг өргөн хүрээнд судлах боломж олгож байгаа юм.

Археологичид маш олон тооны чулуун хийц, шавар сав суулга, зааны ясаар хийсэн бугуйвч, хутга, сүх зэрэг эд зүйлс бүхий 89 шарил олсон байна. Үүнээс гадна цагаан будаа, шар будаа болон бусад үр тариа олдсон нь тухайн үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн түвшнийг харуулна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ