Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-17 14:36:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл ихэсч, эмнэлгийн ачаалал нэлээд нэмэгддэг. Дундговь аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн амбулаториор томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлж байгаа өвчтөний тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдлээ гэж аймгийн НЭ-ийн дарга Х.Жаргал танилцууллаа.

Тус эмнэлгийн амбулаторийн хүүхдийн эмч М.Мөнгөншагайтай уулзахад өдөрт 30-32 хүүхэд тогтмол үзүүлдэг байсан бол өнөөдрөөс 60 гаруй хүүхэд үзүүлж, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөний тоо ч нэмэгдэж байгаа гэлээ.  

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин бөгөөд энэ нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг байна.

Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард тус аймгийн Сайнцагаан суманд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч, уушигны хатгалгаа өвчний гаралт нэмэгдэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал ихэсч сургууль, цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаах хүртэл шийдвэр гаргаж байсан учраас ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд  дархлаагаа сайжруулж, халдвар авахаас сэргийлж байх чухал юм.  



Холбоотой мэдээ