“Биокомбинат” УТҮГ-ыг 57 сая ам.доллароор шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-17 14:29:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Унгар Улсын Засгийн газар 2016 оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.


Уг хэлэлцээрт “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн төсвийг 25 сая ам.доллар байсныг 57 сая ам.доллар болгон нэмэхээр тусгасан юм. Нэмэлт зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд эхний 4 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжсэн.


Мөн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банкны Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг  дэмжлээ.


Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттай хэрэгжүүлэх болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 100 сая ам.долларын зээлийг гэрээнд талууд энэ оны есдүгээр сарын 13-нд гарын үсэг зуржээ. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов. Дээрх хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Холбоотой мэдээ