Зүүнговь суманд сүүлийн дөрвөн жилд хөрөнгө оруулалт ихээр хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн дөрвөн жилд Зүүнговь суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийжээ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр сумын төвийн тохижилтод 2019, 2020 он дамнаад 1,5 тэрбум төгрөгийн ажил хийж байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилга
2019-2020 он дамнан баригдаж байгаа аж. Энэхүү барилга нь 800 сая төгрөгийн
төсөвт өртөгтэй бөгөөд 2020 онд үлдэгдэл 400 сая төгрөгийн санхүүжилт орж ирэх
юм байна. Үүнээс гадна 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 100 ортой
цэцэрлэгийн барилгыг 2020 онд барьж ашиглалтад оруулна. Энэ жил 250 хүний
суудалтай Соёлын төвийн барилгыг улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна. Мөн хог тээвэрлэх автомашин
нийлүүлэхээр улсын төсөвт 40 сая төгрөг суужээ.
Тэрчлэн аймгийн орон нутгийн төсвөөр 2018 онд Хойд голын
Цагаан гатлаганы гүүрийг 15 сая төгрөгөөр зассан бол сургуулийн дотуур байрны
тохижилт, камержүүлэлтийн ажилд 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Мөн 2019 онд Тохой багийн конторын засварт 15 сая төгрөг, Морь барьдагийн
гатлагад гүүр барихад 15 сая төгрөг, сумын Эрүүл мэндийн төвийг нэн
шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 20 сая төгрөг, дотуур байрны
тохижилтод 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ.
Энэчлэн Зүүнговь суманд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд
бараг таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж
байгаа аж.