320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-19 12:18:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэрэн сумын шинэ сургууль нээлтээ хийж, тус сургуулийн сурагчид 320 хүүхдийн суудалтай шинэ байрандаа хичээллэж эхэллээ.  

Монгол Улсын ардын багш Д.Төмөрийн нэрэмжит тус сургууль 80 жилийн түүхтэй эрдмийн их өргөө. Тус сургуулийн тэгш ойтой давхцан шинэ сургуулиа хүлээн авч ийнхүү нээлтээ хийж байгаа нь сургуулийн сурагчдын хувьд түүхэн үйл явдал болж байна.

Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын ардын багш Д.Төмөр, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын НБХ-ийн  дарга А.Нарантуяа, БСУСГ-ын дарга Ц.Бумангэрэл, сумын Засаг дарга Н.Мядагмаа болон албаны бусад хүмүүс, сургуулийн багш, сурагчид оролцжээ.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ сурагчдын хөгжмийн боловсролыг дэмжин Yamaha хөгжим өгч, мөн сургуулийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээнд оролцохыг дэмжин автомашинтай болгохоо амалсан байна.

Монгол Улсын Ардын багш Д.Төмөр гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамтаар тус сургуульд хөдөлмөр алдрын танхимаа байгуулан хүлээлгэж өгсөн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд оролцсон зочид, төлөөлөгчид тус танхимаар орж, танилцжээ.

Энэхүү сургуулийн 320 суудалтай хичээлийн байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Бум констракшн " ХХК барьж, ашиглалтад хүлээлгэн өгчээ

Холбоотой мэдээ