УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-19 19:44:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ. 


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав. Ажлын баг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгажээ.


Хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын багаас гаргасан саналаар санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа ажилд хамаарахгүй” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжив.


Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх санал дэмжигдсэн. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтээр нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Тиймээс дээрх заалтыг хасах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжив. 


Мөн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив.


Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж зарчмын зөрүүтэй дээрх саналтай холбогдуулсан гишүүдийн асуултад хариулахдаа, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа намуудад цахим хэлбэрээр нэг удаа өгөхөөр заасан. Гэхдээ хугацааг тодорхой зааж өгөөгүй. Бүртгэлийн байгууллага сонгуулийн санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороодод өгөх хуулийн заалттай. Иймээс хүсэлт гаргасан намуудад 20-иос доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг өгөх зохицуулалтыг орууллаа. Гэхдээ сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглосон гэдгийг хэллээ. Мөн тэрбээр сонгогч хурууны хээгээр бүртгүүлж саналаа өгдөг болсон учраас дахин санал өгөх боломжгүй. Харин иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж санал өгөхийг оролдвол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх заалттай гэдгийг нэмж тодотгосон юм.


Ингээд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Холбоотой мэдээ