Англи хэлтний сонгодог роман монгол хэлээр хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-20 15:46:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Англи хэлтний сод зохиолчдын нэг Шарлотта Бронтегийн  “Жэйн Эйр” роман шинэ жилийн босгон дээр хэвлэгдлээ. Англи, Америкийн дунд сургууль, их сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт заавал унших номын жагсаалтад багтдаг энэхүү бүтээлийг залуу орчуулагчид хөрвүүлж, зохиолч Б.Шүүдэрцэцэг хянан тохиолдуулсан байна. “Жейн Эйр” роман нь "BBC BOOKS"-аас зарласан бүх цаг үеийн 200 шилдэг романы 10-т бичигдсэн, Английн сонгодог романтизмын төлөөлөл болдог.

Түүнээс гадна англи хэлийг судлан сонирхогчид "Жейн Эйр" романыг уншсанаар асар олон англи хэлц үг, хошигнолыг ойлгох боломжтой болно гэж үздэг байна.

“Жейн Эйр” бол англи хэлтний уран зохиолд шинэ үзэгдэл болсон онцгой эмэгтэй баатар аж.  Учир нь хатан хаан, гүнж, гоо үзэсгэлэнт бүсгүй биш зөвхөн өөрийнхөө оюун ухаан, шударга үнэнч зөн чанарыг эрхэмлэсэн, хүчирхэг эмэгтэй баатар гэдгээрээ уран зохиолд анхдагч гэж  судлаачид үздэг.

Шарлотта Бронте Английн Йоркшир дахь бөглүүд тосгонд ядуу даржин Бронте ламтны 6 хүүхдийн 3 дахь охин нь болж 1816 онд мэндэлжээ. Хоёр эгч нь багадаа, хожим эрэгтэй дүү нь  насан эцэслэж, Эмили Бронте, Энн Бронте, Шарлотта Бронте гурван эгч дүүс  зохиолч болж “Жейн Эйр”, “Багш”, “Агнес Грей”, “Аянгын даваа” романуудаараа англи хэлтний уран зохиолд алдаршсан юм.

Сонирхолтой нь эгч дүү гурав  29-39 насалж, Шарлоттагаас бусад нь гэрлэлгүй орчлонг орхисон атал үнэнч хайр дурлал, өрнөл ихтэй адал явдалт зохиол, содон хувь тавилантай дүрүүдийг бүтээж чадсан нь одоо ч судлаачдын гайхлыг төрүүлсээр байна.


Холбоотой мэдээ