Н.Дамдиндорж: Урианхай угсаатны соёлын өвийг хадгалан үлдэхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-23 11:35:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш, СТА, Төрийн титэмт туульч, соёлын биет бус өв тээгч Н.Дамдиндоржтой уулзаж ярилцав.


Тэрбээр бага ангийн багш мэргэжилтэй. Алтайн урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үеийн туульч бөгөөд 30 гаруй жил урианхай угсаатны соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх чиглэлд хөдөлмөрлөж байна.

Тэр хэлэхдээ, 1982 онд анх Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд болон түүний ах СТА Б.Уртнасан нараас алтай магтаал, тууль хайлах арга барилыг сурч эзэмшиж байлаа. Тэд бол миний авга ах нар юм.

Ховд аймгийн Дуут сумын нийт хүн амын 80 гаруй хувийг Урианхайчууд эзэлдэг. Иймд урианхай угсаатны соёлын өв, тэр дундаа язгуур урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилтын хүрээнд Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон нэлээд санаачилга гарган ажиллаж байгаа гэв.

Мөн тус сумын сургууль 1980 онд “Дуут нуур” гэх язгуур урлагийн хамтлаг үүсгэн байгуулж байжээ. Улмаар сургуулийн үе үеийн сурагчид хамтлагт нэгдэж соёлын биет болон биет бус өв, уламжлалд суралцаж байсан.

Миний хувьд 1990-2014 онд бага ангийн багш мэргэжлийнхээ дагуу ажиллахын зэрэгцээ сургуулийнхаа “Дуут нуур” гэх язгуур урлагийн хамтлагийн үйл ажиллагааг дахин сэргээж, сурагчдыг хичээлийн бус цагаар хөгжүүлэх болсон.

Тухайн үед 10 орчим суралцагчтай байсан бол өдгөө гишүүдийн тоо, хамрах хүрээ жил бүр өргөжиж, язгуур урлагийн томоохон дугуйлан хичээллүүлэх боллоо.

2014 онд би, сургуулийн нийгмийн ажилтантай хамтран “Тууль, цуур заах туршилтын хөтөлбөр” боловсруулж, зөвхөн 7 дугаар анги дээр хэрэгжүүлж байсан. Улмаар “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж, язгуур урлагийн дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн.

“Дуут нуур” хамтлагийн гишүүд товшуур хөгжим тоглохын зэрэгцээ Алтай магтаал, тууль хайлдгаараа онцлогтой. Өдгөө 40-50 хүүхэд язгуур урлагийн төрлөөр суралцаж байна. Би бага, дунд ангийнханд алтай магтаал, ахлах ангийн сурагчдад тууль хайлахыг заадаг. Мөн сумын сургуулийн хөгжмийн тэнхимд товшуур 40, цуур 20, икэл хөгжим 3 ширхэг тус тус байна. Тиймээс сурагчдад эдгээр хөгжим тоглохыг зааж байна.

Шавь нар минь жил бүр зохион байгуулдаг “Яргуй” наадам болон улс, бүс, аймгийн хэмжээнд өрнөсөн язгуур урлагийн наадамд амжилттай оролцож байгаа. Тухайлбал, 2014 онд “Дуут нуур” хамтлагийн гишүүн Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан цол авч байсан хэмээн ярилаа.

“Тууль” хайлах гайхамшигт урлагийг бидний үед улбаалан авч ирсэн Занын Жилкэрийн удмынхны Алтайн урианхайн туулийн хөгжилд оруулсан хувь нэмэр давтагдашгүй агаад үе удам нь үргэлжилсээр л байна.

Алтайн урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үеийн туульч, Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Н.Дамдиндорж соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж байгаа. Тэгвэл түүний хүү Д.Батхүрэл цуур хөгжим үлээж, тууль хайлна. Харин охин Д.Намуунцэцэг 10 дугаар ангийн сурагч бөгөөд цуур хөгжим тоглодог гэнэ. Үеэс үе дамжсан өв тээгчид аж.  


Тууль, Цуурын тухайд...

Цуур хөгжмийн урлаг бол цуурдах арга барилаас гадна үе, үеийн цуурчдын уран сэтгэмжээр бүтэж цогцолсон баялаг урын санг эзэмшсэн байх өндөр шаардлагыг багтаасан байдаг. Одоогоор Монгол Алтайн Урианхай ястны дунд уламжлагдаж ирсэн цуурын урын сангаас байгаль, уул усны зураглал, ан амьтны дуудлага, хүн байгалийн харьцаа, хүний сэтгэлийн ертөнцийг илтгэсэн 40 орчим аяз мэдэгдээд байгаа бөгөөд эдгээр нь нот (эгшгийн бичээс) биш зөвхөн ой тогтоомж, сонсголоор үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн байна.

Харин монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аварга том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг байна.

Туульсын бүтээлүүд нь эртний шүтлэг, бөө мөргөл, бурхны шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, Монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг.

Тууль хайлах нь зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй. Туулийг өдөр хайлдаггүй, шөнө хайлдаг байжээ.

Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан нь тууль, түүний өв санг хамгаалах сэргээн амилуулахад түлхэц үзүүлсэн чухал үйл явдал болсон аж.   

Холбоотой мэдээ