Мал, амьтны гэрчилгээ, мэдэгдлийг орон нутагт нь хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах чиглэлийн хүрээнд МХЕГ-аас
мал, амьтан, ургамал тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд олгодог гэрчилгээ,
мэдэгдлийг аймгуудын МХГ, Хилийн боомтын МХ-ын албадад олгох боллоо. Үүнийг
өмнө нь МХЕГ-аас олгодог байжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь 2020 оны 2-р сарын 3-наас эхлэн хэрэгжих юм байна. Иймээс эл хугацааг болтол аймгуудын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байгаа аж. Сургалтаар гэрчилгээг хэрхэн бичих, хяналт шалгалтыг хэрхэн гүйцтгэх зэрэг бүх чиглэлийн мэдээллийг өгч байна хэмээн МХЕГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очир ярив.
Энэхүү сургалтыг
улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд төвийн болон баруун, зүүн бүс
хэмээн бүсчлэн зохион байгуулж байгаа аж. Төвийн бүсийн сургалтыг Сэлэнгэ
аймагт явуулж байгаа бөгөөд энд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн МХГ-ын
байцаагч нар, хилийн боомт дахь ХМХА-ны байцаагчид хамрагдаж байна. Энэхүү мал,
амьтан, ургамал тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд олгодог гэрчилгээ,
мэдэгдлийг орон нутагт нь хийж байгаагийн давуу тал гэвэл бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт
үзүүлж байгаа аж. Мөн заавал Улаанбаатар хот орж байж импортын мэдэгдэл, экспортын
гэрчилгээ авах шаардлагагүй болжээ. Түүнчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж
байгаа үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд орон нутгаасаа гэрчилгээ мэдэгдлээ аваад
үйл ажиллагаагаа явуулах, цаашлаад цаг хугацаа хэмнэсэн зэрэг давуу талтай болж
байгаа аж.