Тэргүүн сайд Г. Чагдаржавын түүхэн амьдралыг Дундговийнхонд дэлгэн үзүүлнэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2019-12-24 16:57:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Түр Засгийн ерөнхийлөн захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн зүтгэлтэн, Тэргүүн сайд Гадинбалын Чагдаржав, 1869-1915 он” үзэсгэлэнг Дундговь аймгийн музейд 12 дугаар сарын 29-нөөс дэлгэн үзүүлнэ.

Тус үзэсгэлэнд Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошууны газрын зураг, нутгийн цэс, ноёдын гэрийн үеийн бичмэл, өргөмжлөл, уг эх, Г.Чагдаржавын засаг залгамжилсан, албанд томилогдсон, хэргэм зэрэг шагнагдсан, хүрээний Түр засгийн газар, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч Яамны тэргүүн сайдаар ажилласан, олон улсын гэрээ хэлэлцээрт оролцсон, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалан таван замын байлдаанд оролцсон зэрэг үйл явдалд холбогдох зарлиг, харилцсан бичиг, захидал зэрэг олон сонирхолтой ховор баримт бичиг, гэрэл зургуудыг дэлгэн тавьж толилуулах ажээ.

Г.Чагдаржав 1869 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Засаг түшээ гүн Гадинбал ноёны хүү болон төржээ. 

Монгол Улс Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн үед Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар буюу Түр засгийн газар байгуулж, даргаар нь Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон түүхтэй.

Түүний түүхэн амьдралыг харуулсан тус үзэсгэлэн 2020 оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх ажээ.  

Холбоотой мэдээ