Америкийн хориг “Умардын урсгал”-ыг тогтоож чадахгүй

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-12-25 12:07:59

Оросын “Газпром” компанийн захиалгаар “Умардын урсгал-2” хийн хоолойг барьж буй Швейцарийн Allseas Group компани бямба гарагт ажлаа зогсоосон тухайгаа мэдэгдлээ. Энэ төсөл дээр ажиллаж буй  компаниуд, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурснаас хойш хэдхэн цагийн дараа швейцарьчууд дээрх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Трамп 2020 оны батлан хамгаалахын төсвийн тухай хуульд гарын үсэг зурсан бөгөөд уг баримт бичигт “Умардын урсгал-2” ба “Туркийн урсгал” хийн хоолой барих төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож буй компаниудад хориг тавих тухай заалт орсон ажээ.


Усан дор хоолой суурилуулах талаар дэлхийд тэргүүлдэг Allseas компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тус компанийн Solitaire, Pioneering Spirit хөлөг онгоцууд ажлаа зогсоож, Балтийн тэнгисийн районоос гарч явсан байна. Трампын хориг нь төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй компаниудын хувьд АНУ-д бизнес эрхлэх, Америкийн компаниудтай хамтрах боломжийг нь хааж байгаа юм. Хориг тавихын өмнөхөн БНН-аас сонгогдсон Сенатын гишүүд болох Тэд Круз, Рон Жонсон нар Allseas компанийн гүйлгээг зогсоож, активуудыг нь царцааж, АНУ дахь хөрөнгийг нь хураана гэж сүрдүүлж байжээ.  Харин “Туркийн урсгал”-ыг барих ажил үндсэндээ дууссан учир уг хийн хоолойг ашиглалтанд оруулахад Трампын хориг бараг нөлөөлөхгүй.


Хориг тавих болсон шалтгаанууд


Одоо ашиглаж буй “Умардын урсгал” хийн хоолойтой зэрэгцүүлэн Балтийн тэнгисийн ёроолоор барьж буй “Умардын урсгал-2” хоолойг барихад өнөөдрийн байдлаар 10,5 тэрбум доллар зарцуулаад байгаа бөгөөд жилд 55 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай уг аварга байгууламж ашиглалтанд орсноор Оросоос Германд шууд нийлүүлж буй хийн хэмжээ 2 дахин нэмэгдэнэ.


Уг хоолойг барихыг олон жилийн турш эсэргүүцэж буй Америкийн засаг захиргаа “Умардын урсгал-2” нь Европыг Оросын хийнээс улам их хамааралтай болгож, Кремлийн нөлөө, түүний олж буй орлогыг нэмэгдүүлнэ” гэж болгоомжилж, төслийг зогсоохын тулд бүхий л аргыг хэрэглэж байгаа нь нэгэнт илэрхий болсон билээ. 

“Умардын урсгал-2”-ыг зогсооно гэж АНУ-ын зүгээс Германд сануулга өгч байсан, гэхдээ энэ нь үзүүлэнгийн шинжтэй, Германыг батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхэд хүргэх зорилготой байсан гэж шинжээчид дүгнэж байв. Гэтэл яг он дуусах гэж буй мөчид, хийн хоолойг барих ажлын 90 хувийг гүйцэтгэчихээд байгаа үед хориг арга хэмжээ авсан нь гэнэтийн шийдвэр байлаа. 


Германы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Америкийн хоригийг “газар нутгийн гаднах хориг” гэж нэрлээд АНУ бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг буруутгажээ. Америкчууд хориг тавьсан ч гэлээ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт германчууд итгэлтэй байгаа бөгөөд энэ талаарх Берлиний байр суурь өөрчлөгдөхгүй гэж Sueddeutsche Zeitung сонинд бичсэн байна. “Умардын урсгал-2” компанийн төлөөлөгч Йенс Мюллер хэлэхдээ “Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд энэ төслийг заавал дуусгах ёстой. Төслийг дэмжиж буй компаниудын хамтаар бид барилгын ажлыг аль болох ойрын хугацаанд дуусгахын төлөө хичээн ажиллах болно” гэлээ.


Хориг тавих болсон өөр нэг шалтгаан бол Орос улс 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон гэх асуудал юм. Уг асуудлаар Оросыг буруутгах болсноос хойш хийн хоолойн төслийг АНУ улам хүчтэй эсэргүүцэж байгаа аж.

Оросууд сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон нь үнэн гэх дүгнэлтийг хийсэн АНУ-ын Конгресс төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй компаниуд, хувь хүмүүсийн эсрэг хориг тавих бүрэн эрхийг 2017 оны 8 дугаар сард Ерөнхийлөгч Трампад олгосон байна.


Трампын шийдвэрийн хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Вашингтоны хориг нь Оросын эдийн засгийн төслүүдийг зогсоож чадахгүй бөгөөд АНУ-ын зүгээс ямар ч саад учруулсан байлаа гэсэн хийн хоолой барих ажлыг үргэлжлүүлнэ” гэж онцлон тэмдэглэжээ. “Европчууд бүх талаар хохирно. Өөрийн геополитикийн амбицийг хэрэгжүүлэх, арилжаа наймаанаас ашиг олохын тулд Вашингтоны эрх баригчид хэнийг ч өрөвдөхгүй, тэр дундаа НАТО-гийн ойрын холбоотнуудаа хүртэл золиослохоор шийджээ” гэж мэдэгдэлд дурдсан байна. Америкчууд өртөг өндөртэй шингэрүүлсэн шатдаг хийгээ худалдан авахыг Европын орнуудад тулгаснаар тус тивийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж, өрсөлдөх чадварыг нь сулруулна гэж зарим шинжээчид үзэж байгаа юм.  


Трампын шийдвэрийн талаар Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэхдээ “АНУ-ын хориг нь олон улсын эрхзүйн хэм хэмжээг шууд зөрчсөн үйлдэл мөн. Гэхдээ энэ нь хийн хоолойг барьж дуусгахад саад учруулж чадахгүй” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Путиний хэвлэлийн хурлын үеэр түүнээс энэ талаар асуухад “юу ч болж байлаа гэсэн Умардын урсгал-2”-ыг барьж дуусгана” гэж хариулж байв. Хийн хоолойг 2019 он дуусахаас өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан боловч Дани улсын эрх баригчид өөрийн тэнгисийн орон зайд барилгын ажил явуулах зөвшөөрлийг өгөхгүй удаашруулснаас үүдэн ашиглалтанд орох хугацаа нь 2020 он болж хойшилсон билээ.  


Оросуудын “Б” төлөвлөгөө буюу 5 нөөц хувилбар


“Умардын урсгал-2” хийн хоолой нь тус бүр 1230 км-ийн урттай хоёр шугам хоолойноос бүрдэх ба одоогийн байдлаар нийт барилгын ажлын 87 хувийг гүйцэтгэсэн ба 300 км газарт хоолой тавих ажил үлдээд байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, төсөл төгсгөлийн шатандаа орсон энэ үед Трампын хориг нь “Газпром” компанид төдийлөн нөлөөлөхгүй ажээ.


Оросуудын хувьд, АНУ-ын зүгээс төсөлд оролцож буй барууны компаниудад ойрын үед хориг тавина гэдгийг урьдаас мэдэж байсан учраас төслийг хэрэгжүүлж дуусгахын тулд авах арга хэмжээгээ аль хэдийнэ /Б төлөвлөгөө/ боловсруулчихаад байна.


Хамгийн боломжит хувилбаруудын нэг бол төсөлд туслан гүйцэтгэгчээр оролцож буй МРТС хувьцаат нийгэмлэгийн эзэмшил дэх “Фортуна” гэдэг хоолой угсрагч хөлөг онгоцыг ашиглах явдал. Уг хөлөг онгоц одоо Германы Мукран боомтод байгаа. Гэхдээ энд нэг хүндрэлтэй асуудал бий. Учир нь, Данийн хуулиар, ийм төрлийн хөлөг онгоцуудад тогтворжуулалтын динамик систем байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Харин “Фортуна”-д ийм систем байхгүйгээс гадна уг хөлөг онгоц өдөрт ердөө 1 км урт хоолой тавих хүчин чадалтай учраас хугацаа алдах сул талтай.

"Фортуна" хөлөг онгоц 


Нөгөө нэг хувилбар гэвэл, “Газпром флот” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгийн эзэмшилд тогтворжуулагч динамик систем бүхий “Академич Черский” гэдэг хөлөг онгоц бий. Гэхдээ уг хөлөг онгоц Приморийн хязгаарын Находка боомтод байгаа учраас наад зах нь 2 сарын дараа Балтийн тэнгист ирнэ.  


Өөр нэгэн гарц бол Хятадаас тусламж авах. АНУ-ын тавьсан ямар ч хоригийг хятадууд үл тоомсорлодог ба Кубаниас Крым руу цахилгаан дамжуулах шугам тавихад Хятадын хөлөг онгоц оролцож байжээ. Гэхдээ Хятад улс Балтийн тэнгисээс алс холд орших учраас хөлөг онгоцыг авчирч ажиллуулахад нэмэлт зардал ихээр гарна. 

Нөгөөтэйгүүр, хууль эрхзүйн хувьд бас нэгэн боломж бий. Энэ бол “Умардын урсгал-2” төсөлд тавьсан хоригийг 30 хоногоор хойшлуулах явдал. Үүнийг Америкийн хуулиар зөвшөөрдөг учраас Allseas компани боломжийг ашиглахаар оролдож магадгүй бөгөөд ингэснээр хоолой тавих ажлаа дуусгах боломжтой. Америкийн ExxonMobil компани хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хуулийн дээрх заалтыг ашиглаж байсан жишээ бий. Түүнээс гадна, Ираны нефтийн экспортод хориг тавих үед гадаадын худалдан авагчид компаниуд боломжийг ашиглаж байжээ.


Pioneering Spirit  хөлөг онгоц 


Оросын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн захирал К.Симоновын үзэж байгаагаар, өвөл дуусах үед хоолой тавих ажлыг гүйцээж, ирэх оны 2 дугаар хагас эхлэх үед ашиглалтанд хүлээн авах боломжтой ажээ. Хэдийгээр бүтэн улирлын хугацаа алдах боловч 2-3 сарын саатал бол Оросын хийн экспортод нөлөөлөхгүй, учир нь, хэдхэн хоногийн өмнө “Газпром” компани Украины нутгаар дайруулан Европт хий нийлүүлэх асуудлаар Киевтэй тохиролцоонд хүрсэн билээ.  


Дашрамд дурдахад, Европын хийн зах зээлд үнэ нэлээд унасан үед Трампын хориг үйлчилж эхэллээ. Европ руу тээвэрлэж буй Америкийн хий 1000 шоо метр нь 180 долларын үнэтэй байгаа бөгөөд энэ бол шингэрүүлсэн шатдаг хийг Америкийн боомтуудад ачих үеийн үнэ юм. Европт тээвэрлэн авчирч, буцаагаад хий болгон хувиргасны дараа уг үнэ өсөх нь мэдээж. Гэхдээ сүүлийн хэдэн жилд хийн үнэ ингэж огцом уруудаж байгаагүй бөгөөд шалтгаан нь, дулаан өвөл болж байгаагаас гадна Европын газар дорх хийн агуулахууд дүүрсэнтэй холбоотой.


Төгсгөлд нь хэлэхэд, Оросын “Газпром” компани хийн хоолой барих төслийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг ба уг төсөлд Австрийн OMV, Их Британи-Нидерландын хамтарсан Shell, Францын Engie, Германы Uniper, Wintershall компаниуд хөрөнгө оруулжээ.  Хэрвээ америкчууд хоригоо өргөжүүлж, “Умардын урсгал-2” консорциумд багтдаг компаниудыг бүгдийг нь хамруулах аваас “Газпром” дээрх компаниудын хувьцааг худалдан авч, төслийг хоригт оруулахгүйгээр дуусгаж чадна гэж шинжээчид үзэж байна.


Б.Адъяахүү

 

 

 

 

 

Холбоотой мэдээ