“Шүүхийн тухай миний ойлголт эсээ” бичлэгийн уралдаан дүнг гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Шүүхийн тамгын газраас “Шүүхийн тухай
миний ойлголт” эсээ бичлэгийн уралдаан зарлаж, ерөнхий боловсролын сургууль
болон МСҮТ-ийн 34 сурагч оролцжээ.
Энэхүү уралдаан нь өсвөр, залуу насныханд шүүхийн тухай зөв
ойлголт, хандлагыг бий болгох, тэдний ойлголт, шүүхэд итгэх итгэлийг судлах
зорилготой юм.
Тус уралдааны Тэргүүн байрт МСҮТ-ийн 479 дүгээр
группийн сурагч Т.Отгонбаяр шалгарч, Хүмүүнлэг сургуулийн 12-ийн “а” ангийн
сурагч Э.Цэрэнжаргал, З.Анударь нар удаах байруудыг эзэлж, Цэгц билиг
сургуулийн 11-ийн “б” ангийн сурагч Н.Маргад тусгай байрын эзэн болжээ.
Хүмүүнлэг сургуулийн сурагч З.Анударь өөрийн бичсэн
эсээдээ “Миний бодлоор орчлон ертөнд дээр оршин тогтнож буй бүхий л амьд биес
аливаа хууль, дүрэм журманд захирагдан, түүнийг даган мөрдөж эрх, үүрэг хоёроо
эн тэнцүү ижилсүүлж байх ёстой мэт санагддаг. Ийм учраас эрх, үүрэг хоёрынхоо
хүрээнд нийгмийн олон талт харилцаанд оролцохдоо хүн төрөлхтөн бидний бий
болгосон асуудал зөрчилдөөнүүдийг хуулийн дагуу үнэн зөв дэнслэх байгууллага
бол зөвхөн Шүүх юм.
Сургуулийн насны сурагч миний нүдээр шүүх бол хүнийг хүн
гэдэг жинхэнэ утгаар нь ямар нэгэн алагчлал, ялгаварлалгүйгээр тухайн хүнд
үүссэн зөрчил маргааныг зөвхөн хуулийн хүрээнд хянан шалгаж, хуульд заасны
дагуу асуудлыг шйидвэрлэдэг шударга ёсны илч мэтээр төсөөлөгддөг. Хорвоо
дэлхийд батлагдаагүй үнэн, баригдаагүй худал гэж буй. Гэхдээ хүний эрхийг зөрчиж хуульд харш
хандлага, үзэл суртал, зан үйлийг гаргасан хэн ч бай хуулийн зүгээс зохих
шийтгэлийг, бурхан ухаанаар буруу зөвийг шүүгч, эрхэм шүүгчдийн тогтоолоор
дамжин хүртэх нь зүйтэй” хэмээн Шүүхийн тухай өөрийн бодлоо хуваалцжээ.
Эсээ бичлэгийн уралдаанд оролцсон бүх оролцогчид шүүхийн
тухай мэдээлэлтэй, ойлголт сайтай, чадвартай
байсныг зохион байгуулсан комиссын зүгээс онцоллоо.