Мал сүрэг таван төрөл дээрээ өсч 4.6 саяд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-30 13:44:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Баянхонгор аймгийн мал сүргийн тоо толгой 4.644.8 мянга болж, 2018 оныхоос 9.3 хувиар өсжээ.

Тодруулбал, адуун сүргийн тоо 189.5 мянга, үхэр сүрэг 257.5 мянга, тэмээн сүрэг 58.1 мянга, хонь 1405.9 мянга, ямаа 2733.7 мянган толгой болж нийт мал сүргийн тоо таван төрөл дээрээ өссөн байнаМал сүргийн 60 шахам хувь нь ямаа, 30 гаруй хувь нь хонь, 10 орчим хувийг бод мал эзэлжээ. Ийнхүү тус аймаг улсад нийт малын тоогоор зургаад, ямааны тоогоор нэгдүгээрт, тэмээний тоогоор хоёрдугаарт, үхрээр есдүгээрт, адуугаар аравт, хониор арваннэгдүгээрт орж байна.

Аймагтаа Баацагаан сум хамгийн олон мал тоолуулсан бол Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Өлзийт сум ч олон мал тоолуулжээ.

Сонирхуулахад, Мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өссөн дүн гарсан байна. Нийт мал сүргийн 90 шахам хувийг бог мал эзэлж байна. 

Холбоотой мэдээ