Амжилтын эздэд шагналын хур буулаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2019-12-30 14:25:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Шинэ оны босгон дээр боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, төр захиргаа, соёл урлаг, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан амжилтын эздэд Монгол Улсын Төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын зөвлөх Б.Гантогтох, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б. Өлзийбаяр, Засаг дарга Р.Мөнхтогтох болон албаны бусад хүмүүс оролцож, амжилтын эздэд шагналыг гардуулжээ.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Сайнцагаан сумын тавдугаар багийн Засаг дарга Л.Батбаяр, Эрдэнэдалай сумын “Элбэгдалай” ХХК-ийн малын их эмч О.Оюунчимэг нар шагнуулсан бол Адаацаг сумын 2-р багийн малчин Ж.Банди, Хулд сумын өндөр настан С.Бямбаа, Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн ахмад багш П.Доржханд, Сайнцагаан сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч С.Намжилжав, өндөр настан Ш.Норжинсүрэн, Аймгийн ИТХ-ын ажлын албаны жолооч Д.Сүхбаатар, ахмад настан Б.Чулуунбат, хувиараа хөдөлмөр эрхлэгч Т.Батчулуун, Өлзийт сумын “Өлзийтийн өсөх” мал эмнэлгийн малын их эмч Д.Жаргалсайхан, Эрдэнэдалай сумын ахмад настан, малчин С.Мөнхбаяр, мөн сумын ахмад настан Д.Цэвэлмаа, Дэлгэрцогт сумын ахмад настан Л.Мөнхжаргал, Цагаандэлгэр сумын ахмад настан Д.Наранцэцэг, Л.Цэдэндамба, Эрдэнэдалай сумын сургуулийн багш Н.Мягмарсүрэн нарыг “Алтан гадас” одонгоор  шагналаа.

Харин “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар  Өлзийт сумын Цаг уурын харуулын ажиглагч О.Буяндэлгэр, тус сумын ЭМТ-ийн ахмад настан Ц.Содномцэрэн, Адаацаг сумын ЭМТ-ийн сувилагч М.Бямбажав, Хулд сумын ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан М.Гантуул, Эрдэнэдалай сумын ахмад настан Ж.Дуламсүрэн, Сайнцагаан сумын 7-р цэцэрлэгийн арга зүйч Г.Оюунчимэг, 5-р цэцэрлэгийн нягтлан бодогч И.Тогтоол, Сайнцагаан сумын Оюундалай говь хоршооны дарга С.Эрдэнэтогтох нар шагнуулжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар хэлсэн үгэндээ “Хөгжлийн зорилго, амжилтын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайхан сайхан амьдрал авч ирэхийн төлөө, эх орондоо илүү ихийг бий болгож, бүтээж, өрнүүлэхийн төлөө цуцашгүй хөдөлмөрт оршдог гээд та бүхний амжилт бүтээл, хөдөлмөр, зүтгэл бол хүний амьдралын утга учир, аймаг орон нутагтаа оруулах эрхэм зоны оруулах хувь нэмэр гэдгийг батлан харуулж, та бүхэн олон түмэндээ сайн үлгэр дууриалал түгээж яваа хүмүүс юм” хэмээн онцолж, шагнал авсан бүх хүмүүстээ болон тэдний гэр бүлд баяр хүргэсэн юм.

Шинэ оны босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд шагнал хүртсэн зарим хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

Эрдэнэдалай сумын ахмад настан, Монгол Улсын аварга малчин С.Мөнхбаяр: Би 30 гаруй жил мал малласан, малчин хүн. 1987 онд “БНМАУ-ын аварга малчин” болж байлаа. Харин өнгөрсөн жил хүү маань /М.Галбадрах/ мөн “Улсын аварга малчин” болсон. Миний өчүүхэн хөдөлмөрийг төр засаг маань ингэж өндрөөр үнэлсэнд маш их баярлаж байна.

Өлзийт сумын “Өлзийтийн өсөх” мал эмнэлгийн малын их эмч Д.Жаргалсайхан: “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Маш их баяртай байна. Би улсад 37 жил ажиллаад ажлынхаа үр шимийг үнэлүүллээ. Би Завхан аймгийн хүн. Энэ нутагт бэр болж ирээд 33 жил болж байна. Дөрвөн жил хүний бага эмчээр ажиллаад үлдсэн бүхий л хугацаанд сумандаа малын их эмчээр ажиллалаа. Одоо ч ажиллаж байгаа. Залуучууддаа ихийг хийж бүтээгээрэй, үргэлж баяр хөөртэй, аз жаргалтайгаар эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, сайхан амьдраарай гэж ерөөе.

Сайнцагаан сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч С.Намжилжав: Би улс эх орондоо 31 жил ажилласан. Залуучуудын байгууллагад 10, хөдөлмөр, халамж, үйлчилгээний салбарт 21 жил ажиллажээ. Төр засаг маань миний ажил, хөдөлмөрийг үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасанд баяртай байна. Их санаандгүй баярт үйл явдал болж байна. Өчигдөр орой л  энэ тухай мэдлээ. 

Холбоотой мэдээ