Ирэх онд Орхон аймаг барилгын хуурай хольц бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-30 15:00:03
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт” ШУТП барилгын хуурай хольц бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Тус парк 2017 онд гагнуурын электродын үйлдвэр байгуулж жилд 10 гаруй тонн электрод үйлдвэрлэж түүнийгээ уул, уурхайн компаниудад борлуулжээ.  2018 онд 100 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан тул  энэ онд уг мөнгөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн уралдаан зарласан байна. Уралдаанд 10 гаруй төсөл  ирснээс дээрх төслийг сонгожээ.

Барилгын хуурай хольц бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт нийт найман хүн ажиллана. Нэг ажилтан дунджаар 600 мянган төгрөгийн цалин авна. Хар, цагаан замаск, гипс, цемент үйлдвэрлэж 50 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоо гаргажээ. Уг үйлдвэрийн төсөлд “Эрдэнэт ШУТП”-аас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 49/51 хувийн хамтарсан үйлдвэр байгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, 49 хувийг нь "Эрдэнэт" ШУТП, 51 хувийг төсөл санаачлагч эзэмшинэ.

Холбоотой мэдээ