АНУ-ын хоёр иргэн тутмын нэг нь илүүдэл жинтэй болно

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2019-12-30 16:05:38

ВАШИНГТОН. /TASS/. Америкчууд энэ хэвээрээ буруу хооллосоор байвал 2030 он гэхэд тус улсын хоёр иргэн тутмын нэг нь илүүдэл жинтэй болно гэсэн тооцоо гарчээ.


“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, "АНУ-д таргалалтын асуудал одоо харагдаж байгаагаас илүү ноцтой болж байгаа" бөгөөд арван жилийн дараа тус улсын нийт хүн амын 25 хувьд нь "таргалалтын хүнд хэлбэр" гэсэн онош тогтоогдоно.


Үүний гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, чихэрлэг хүнс, мөн боловсруулсан хоол хүнс ихээр хэрэглэж байгаатай холбоотой байна. Олон америкчуудын хувьд эрүүл хооллолтын хувилбар нь "хориотой тансаг хэрэглээ" юм гэж “Bloomberg” агентлагийн шинжээчид онцлон тэмдэглэжээ.


Хэт таргалах нь зүрхний шигдээс, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг олон өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна, Остины Техасын их сургууль болон Нью-Йоркийн Колумбын их сургуулийн эрдэмтдийн мэдэгдсэнээр, жирэмсэн үед илүүдэл жинтэй эсвэл хэт таргалах нь хүүхдийн бие бялдар, оюуны хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Хамгийн сүүлийн  үеийн мэдээллээс үзвэл, одоогийн байдлаар насанд хүрсэн америкчуудын 40 орчим хувь нь илүүдэл жинтэй байна. 


Холбоотой мэдээ