Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2019-12-31 14:51:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв (ЭМТ)-ийн ажилтай өнөөдөр танилцлаа.


Ханиад томууны улирал эхэлсэн цагаас нийт 80 ортой тус төвийн Хүүхдийн тасагт нэмэлтээр хүүхдийн тасгийн сэргээн засах эмчилгээний өрөө, тоглоомын өрөөг суллаж 22 ор, мэдрэл, уламжлалт, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг суллаж 58 ор, дотрын нэгдүгээр тасгийн 50 ор гаргасан байна. Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийг хүүхдийн гуравдугаар тасаг, дотрын тасгийг хүүхдийн дөрөвдүгээр тасаг болгон зохион байгуулж, амбулаториос эмч, сувилагч татан ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 162 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.


Эмнэлгийн удирдлагууд зохион байгуулалтын ажлаа илүү сайжруулж, эм тариа, бодис тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг дарга онцлов. Мөн тэрбээр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг эм тарианы хүрэлцээ хангамжийг нэмэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн тус эмнэлэгт шаардлагатай байгаа тариурын шахуурга, дуслын шахуургыг олгох асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэж, хүчилтөрөгчийн аппарат хүлээлгэн өгсөн юм.

Холбоотой мэдээ