Баярын өдрөөр гэмт хэргийн шинжтэй нэг дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-02 11:09:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн 2019 оны 12 дугаар сарын 30-наас эхлэн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин үүрэг гүйцэтгэж байна.

Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон явган эргүүл 24 цагаар ажиллаж байгаа юм. Он солигдох баярын өдрөөр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадвараа алдан гудамж, талбайд хэвтэж байсан таван иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хоёр зөрчлийг таслан зогсоосон байна. Шинэ оны эхний өдөр Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 4 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

 

Холбоотой мэдээ