Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-06 12:26:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэв. 


Сүүлийн хоёр жилд гэмт хэрэг 20 гаруй хувиар багассан ч байгаль орчны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд хүний нөөц дутмаг, ачаалал ихтэй байгааг цагдаагийн байгууллагаас учирладаг байна. Тиймээс цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн алба байгуулж эхний ээлжинд 10 аймгийн 100 гаруй суманд ажиллуулахаар шийдвэрлэжээ. 


Тус алба нь байгаль орчин, тэр дундаа уул уурхайн олборлох ажилд хяналт тавьж, экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах аж. Нийт 170 гаруй хүний орон тоо нэмэгдэх бөгөөд 2020 оны улсын төсөвт үүнд зарцуулах төсвийг тооцож суулгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тодотголоо.  Тэрбээр, “Эхний ээлжинд байгуулагдсан нэгжийн ажлын үр дүнг нь тооцож бусад аймгуудад нэмж байгуулах эсэхийг шийднэ. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн. Тиймээс энэ албыг шинээр байгуулах суурийг тавилаа” хэмээв. Мөн тэрээр, сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “БОАЖЯ-ны харьяанд байдаг байгаль орчны Байцаагч нар нь хуучин бүтцээрээ ажиллана. Гэхдээ цаашид зарим хэсгийг нь Экологийн цагдаагийн албанд татах шийдэл гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр ийм шийдвэр гараагүй ч шаардлага бол бий” гэлээ. 


Мөн Засгийн газрын хуралдаанаар, Төмөр замын цагдаагийн алба, Нисэхийн цагдаагийн алба, Замын цагдаагийн алба гэсэн гурван нэгжийг Тээврийн цагдаагийн алба гэж нэгтгэхийг зөвшөөрсөн байна. Өнгөрсөн оноос хойш туршилтаар эдгээр нэгжийг нэгтгэн ажиллуулахад замын хөдөлгөөн, тээврийн аюулгүй байдал сайжирч, зөрчил гарах нь багасаж байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж онцоллоо.

Холбоотой мэдээ