Дулааны эрчим хүчний үнэ тариф 10 хувиар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-06 16:23:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн дулаан хангамжийн “Ган илч” ХХК-ийн саналыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос тус компанийн дулааны эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоож, нэгдүгээр сарын нэгнээс мөрдөхөөр болж байна.

Тус компани аймгийн 7 сумын 160 орчим байгууллага, аж ахуйн нэгж, 800 гаруй айл өрхөд дулаан нийлүүлдэг бөгөөд аймгийн нийт дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 50-иас дээш хувийг дулаанаар хангадаг учраас тус  байгууллагын дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэдэг ажээ.

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 521 тоот тогтоолоор “Ган илч” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Дундговь аймгийн Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг баталсан нь өмнөх үнэтэй харьцуулахад 10 орчим хувиар нэмэгджээ.

2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнөх үнэ тарифаар Сайнцагаан суманд төсөв, үйлдвэр, аж ахуйн нэг байгууллагууд нэг м3 эзэлхүүнд НӨАТ ороод 1600 төгрөг, орон сууц нэг м2 талбайд 500 төгрөг төлдөг байсан бол одоо НӨАТ тооцоогүй дүнгээр төсөв, үйлдвэр, аж ахуйн нэг байгууллагууд нэг м3 эзэлхүүнд 1600, айл өрх 500 төгрөг төлөхөөр болж байна.

Харин хөдөөгийн зургаан суманд төсөв, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд нэг м3 эзэлхүүнд 1235.3 төгрөг, айл өрх нэг м2 талбайд 330 төгрөг төлнө.

Төсөвт байгууллагуудын хувьд төсөв батлагдсанаас хойш ийнхүү дулааны үнэ тарифт өөрчлөлт орох нь төсвийг хүндрүүлж, өр, авлага үүсэх нөхцөл бүрдэж байгааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун мэдэгдээд, тус компанийн дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг учраас аймгийн удирдлагууд бид ч гэсэн ямар нэг мэдээлэлгүй байсан гэлээ.

Дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн шалтгааны талаар “Ган илч” ХХК-иас тодруулахад тус компани Өмнөговь аймгийн Цогтцөцийгөөс нүүрсээ худалдан авч тээвэрлэдэг бөгөөд нүүрсний үнэ, шатахууны үнэ нэмэгдсэн, 2015 оноос хойш дулаан хангамжийн үнэ өөрчлөгдөөгүй өдий хүрсэн гэлээ. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос есдүгээр сард Дундговь аймагт ажиллаж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэсэн юм. 

Холбоотой мэдээ