Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-06 14:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах нь зүйтэй гэж үзэв.


Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс дөрвөн хувиар их гэсэн үг юм. Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа болж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусийн хоруу чанар нэмэгдэж, уушгины хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яам үзжээ.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ. Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна. Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан ажил өрнүүлэхийг хоригложээ.

Холбоотой мэдээ