Монголын хараагүй иргэд брайль үсгийн өдрийг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-06 17:00:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр брайль үсгийн олон улсын өдөр. Энэ өдрийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос тэмдэглэж байна. Энэ өдөр ямар үйл ажиллагаанууд болох талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Ж.Батноов мэдээллээ.

Монголын хараагүй иргэд өнөөдөр АХА тэмцээн, брайлиар хамгийн хурдан унших уралдаанд оролцоно. Мөн брайль үсгийг зохиосон Л.Брайлийн төрсөн өдрийг тэмдэглэнэ. Монгол Улсад одоогоор 10,000 гаруй хараагүй иргэн байна. 116 дугаар сургуульд 100 гаруй хараагүй хүүхэд суралцаж байгаа аж. Монгол Улсад 1963 оноос хараагүйчүүдэд зориулсан тусгай сургалттай сургуулийн суурь тавигдаж, 1964 онд браиль үсэг нэвтэрчээ.

Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын төв 1974 онд нээгдэж анхандаа зөвхөн товч хийдэг байсан бол одоо гэрийн мод, арьсан болон даавуун  бүтээгдэхүүн хийх чадвартай болжээ. Сүүлийн үед иллэг хийх нь элбэгшжээ. Одоогоор 20 гаруй эмчилгээний төвд иллэг хийж байна. Хараагүй иргэд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарах болсон байна. Брайль  номыг хэвлэх үйлдвэрүүд хэвлэх болсноос суралцах ном хангалттай. Мөн компьютер дээр ярьдаг программ суулган хэл сурцгааж байна. Ярьдаг, сонсдог ном ч унших болжээ. Энэ бүхэн хараагүйчүүдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд их тус болдог аж. Монгол Улсаас хараагүй иргэддээ 3 жил тутам браиль цаг, даралтын аппарат, ярьдаг халууны шил зэргийг нийгмийн халамжийн газраар дамжуулан олгож байна. 


Холбоотой мэдээ