БНХАУ-д шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа дэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-06 16:01:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хубэй мужийн Вухан хотод энэ сарын 3-нд шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний тохиолдлууд бүртгэгдэж эхэлснээс хойш зарим өвчтөний биеийн байдал хүндэрсэн тул өвтөнүүдийн ойр орчимд байсан хүмүүсийг хяналтад авчээ.

Энэ сарын 5-ны байдлаар өвчлөгсдийн тоо 59 болсон ба 163 хавьтлыг эмнэлгийн хяналтад авсан байна.
Өвчтөнд амьсгалын замын халдварын шинж тэмдгүүд буюу халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Тандалтаар далайн хоолны зах зээлд худалдаа эрхэлдэг худалдаачид, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн өртсөн. Одоогоор хүнээс хүнд халдвар дамжсан тохиолдол гараагүй, эрүүл мэндийн ажилчид өртөөгүй байна.
Үүсгэгчийг тодорхойлох, шалтгааныг тогтоох тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмж гаргажээ.

Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;

Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;

Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;

Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;

Амны хаалт тогтмол хэрэглэх;

Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;

Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Холбоотой мэдээ