2019 он: Тархины 10 нууцыг тайлсан нь

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-01-06 18:59:57

Хүмүүс бид бүхэн тархиныхаа ачаар дэлхий ертөнцийг танин мэддэг бөгөөд энэ эрхтнээс бүрэн хамааралтай амьдардаг билээ. Харин тархин доторх олон зүйл огторгуйн хар нүхний нэгэн адил нууцлаг хэвээр үлджээ. Энэхүү гайхамшигт эрхтний талаарх танин мэдэхүйн шинэ шинэ нээлтүүд жил бүр хийгдсээр байгаа билээ. Зөвхөн энэ онд гэхэд, үхлийн тухай бодлоос тархи өөрийгөө хэрхэн хамгаалдаг тухай, Антарктид тив рүү ганцаараа аялсан хүний тархины хэмжээ багассан тухай, тархины талыг нь тайраад авсан байхад үлдсэн тал нь бүтэн тархинаас дутуугүй ажилладаг гэх мэт олон зүйлийг нээн илрүүлсэн нь хүмүүсийг гайхшрууллаа. Энэ тухай АНУ-ын шинжлэх ухааны мэдээллийн LiveScience цахим хуудсанд Ясемин Саплакоглу-гийн бичиж нийтэлсэн сонирхолтой өгүүллийг орчуулан хүргэе. 


Уурлаж зүүдлэх нь


Хүмүүс зүүдэлж байх үедээ янз бүрийн сэтгэл хөдлөл, түүний дотор уур хилэнг мэдэрдэг гэнэ. Тархины идэвхжлийг судалсан эрдэмтэд “хүмүүс гүн нойрсож байх үедээ уур бухимдлаа илэрхийлдэг үү” гэдгийг тодорхойлох гэж оролдсон байна. Үүний тулд сэтгэл хөдлөлийг хянаж, асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий тархины гадаргын духны хэсгийг судалжээ. Унтах болон унтахаас өмнө духны хэсгийн идэвхжил харилцан адилгүй /тэгш хэмгүй/ болох нь тухайн хүн уур уцаарыг мэдэрсэн зүүд зүүдэлжээ гэдгийг харуулдаг аж. 

Хүн амарч байх үед тархинаас нь 8-12 герцийн давтамжтай альфа долгион ялгардаг байна. Хэрвээ тархины гадаргын духны хоёр хэсгийн хоорондох альфа долгионы идэвхжил өөр өөр байх аваас энэ нь тухайн хүн уур хилэнгээ хянах гэж оролдож буйг харуулж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, альфа долгион ихээр ялгарах тусам тархины тухайн хэсэг бага ажилладаг ажээ. Туршилтад оролцож, нойрны лабораторид хоёр шөнийг өнгөрүүлсэн /долоо хоногийн завсарлагатайгаар/ 17 хүний тархинаас ялгарч буй долгионыг судалсан эрдэмтэд дорх дүгнэлтийг хийжээ. Унтаж байх үед нь долгионы идэвхжил нь харилцан адилгүй /тэгш хэмгүй/ байсан хүмүүс зүүд нойрондоо уур уцаарыг илүү мэдэрч байсан аж.  


Антарктид руу хийсэн ганцаарчилсан аялал


Интроверт буюу даруухан дотогшоогоо хүмүүс ч гэсэн нийгмийн нэгэн субъект яах аргагүй мөн. Харин ганцаардал нь хүний тархины хэмжээнд нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгааны явцад нотолсон байна. Тодруулбал, Антарктид тивд гав ганцаархнаа жил гаруйн хугацааг өнгөрүүлсэн 5 аялагчийн тархины хэмжээ багассан байжээ. Мөсөн тив рүү явахаас нь өмнө тархиных нь зургийг авч, ирснийх нь дараа авсан зурагтай харьцуулж үзэхэд аялагчдын тархины зарим хэсэг, тухайлбал, хүний сурч мэдэх үйл явц, ой санамжийг зохицуулж байдаг гиппокамп гэдэг тархины хэсэг нь хэмжээний хувьд илт жижгэрсэн байжээ. 

Түүнээс гадна, мэдрэлийн шинэ эсүүд өсөж төлжих, тэсч үлдэхэд тусалж байдаг бөгөөд тархинд шинээр холбоосууд үүсэхэд зайлшгүй хэрэгтэй нейротрофик фактор (BDNF) хэмээх өвөрмөц уургийн хэмжээ аялагчдын тархинд багассан байв. Одоо эрдэмтэд ганцаардалд орсон хүмүүсийн тархины хэмжээ багасахаас урьдчилан сэргийлэх аргуудыг нээн олохоор ажиллаж байна.Эдгээр нь тусгай дасгал хөдөлгөөн, виртуал бодит байдлын аль аль нь байж болох юм.     


Үнэрлэх булцуугүйгээр үнэрлэх чадвар


Хэрвээ хүн гараа хөдөлгөхгүйгээр алимыг авна гэвэл тун хачирхалтай санагдана биз. Хэдийгээр үнэрлэх мэдрэхүйг хариуцдаг хэсэг тархинд нь байхгүй боловч үнэрүүдийг хооронд нь ялгаж чаддаг хүмүүс байдаг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Хамарнаас ирж буй үнэрний талаарх мэдээллийг боловсруулдаг үнэрлэх булцуу нь хүний тархины урд хэсэгт байрладаг. Эрдэмтэд хэвийн үнэрлэх мэдрэхүйтэй 29 настай нэгэн эмэгтэйн тархины зургийг үзэж байгаад түүний тархинд үнэрлэх булцуу байхгүй болохыг санамсаргүйгээр олж мэджээ. Дараа нь өөр хоёр эмэгтэйд ч мөн адил ийм өвөрмөц онцлог байдгийг илрүүлсэн байна. Эмэгтэйчүүдэд соронзон резонансийн томографийн шинжилгээнээс гадна үнэр ялгуулах туршилт хийхэд тэдний яриа үнэн гэдэг нь батлагдсан байна. Үнэрийг ялгах ийм онцгой чадвар юунаас улбаатай вэ гэдгийг эрдэмтэд яг таг мэдэхгүй байгаа бөгөөд үнэрлэх булцууны үүргийг тархины өөр нэгэн хэсэг гүйцэтгэдэг байж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Тэгэхээр энэ бол тархи өөрчлөгдөн шинэчлэгдэх чадвартай гэдгийг харуулж байгаа юм. 

  


Соронзон орныг мэдрэхүй 


Зарим төрлийн амьтад манай гарагийг бүрхсэн үл үзэгдэх соронзон орныг зүг чигээ олоход ашигладаг ажээ. Үүнтэй нэгэн адилаар Дэлхийн соронзон орныг мэдэрдэг хүмүүс ч мөн байдаг гэнэ. Өнгөрсөн оны 3 дугаар сард нэгэн судалгааны дүнг олон нийтэд танилцуулсан бөгөөд судлаачид 34 хүнийг хиймэл соронзон орон бүхий туршилтын харанхуй өрөөнд суулгаж байгаад тархийг нь “сканерджээ”. Туршилтад оролцсон 34 хүнээс 4 нь соронзон орон зүүн хойд зүгээс баруун хойд зүг рүү шилжих үед идэвхтэй хариу үйлдэл үзүүлсэн байна.

Эдгээр дөрвөн хүний тархинаас ялгарч буй долгион багассан нь тэдний тархи соронзон дохиог барьж авсантай холбоотой байж магадгүй. Гэхдээ зарим хүмүүс соронзон орныг мэдрээд бусад нь мэдрэхгүй байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн тархи уг соронзон дохиог хэрхэн барьж авч байна вэ гэдэг нь мөн тодорхойгүй. Өмнө нь ийм төрлийн туршилтууд хийж байсан эрдэмтдийн ярьснаар бол, хүний тархин дотор өчүүхэн жижиг соронзон бөөмс олноороо байдаг байж магадгүй гэнэ.


Үхлийн тухай бодол


Үхэл гэдэг бол амьдрал, хайр гэдэгтэй адилхан жам ёсны үзэгдэл билээ. Гэтэл бидний тархи үхлийн тухай бодлоос биднийг хамгаалж байдаг гэнэ. Ийм учраас хүмүүс бид мөнхийн амар амгалангийн оронд очсон тэр хүмүүс дээр очно гэдгээ бүрэн ухамсарлах чадваргүй байдаг аж. Саяхан хийсэн нэгэн туршилтын явцад, хүний тархи нь ирээдүйд юу болох вэ гэдгийг урьдчилан таамаглахын тулд хуучирсан мэдээллийг ашигладаг байна. Тэгэхээр та хэзээ нэгэн цагт үхнэ гэдгийг тархи чинь танд хэлэх ёстой.

Гэтэл тархин доторх энэхүү урьдчилан хэлдэг механизмыг үгүй хийдэг ямар нэгэн зүйл үхлийн тухай таны бодолд байдаг ажгуу. Эрдэмтэд туршилтад оролцсон 24 хүнд өөрсдийнх нь гэрэл зургуудыг үхлийн тухай элдэв үгнүүдийн хамт үзүүлснийхээ дараа тэдний тархины хариу үйлдэлд ажиглалт хийсэн байна. Тархины идэвхжлийг хэмжиж үзэхэд, тухайн хүнд үхлийн тухай бодол төрөнгүүт л урьдчилан таамаглах механизмын үйл ажиллагаа алдагдаж байжээ.


Тархи нугасны шингэн


Унтаж байх үед тархины идэвхжил нь тодорхой хэмнэлтэй байдаг бөгөөд тархинаас нейроны идэвхжилийн лугших долгион ялгарч байдгийг судлаачид хэдийнэ олж тогтоосон билээ. Харин уг хэмнэлийн мөчлөгт тархи нугасны шингэн оролцдог болохыг эрдэмтэд энэ онд анх удаагаа ажигласан байна. Энэхүү шингэн нь тархи болон нугасыг бүрхэж, тэдгээрийг хамгаалж байдаг ба унтаж байх үед тархийг хортой уургуудаас хамгаалдаг болохыг өмнө нь хийсэн судалгаануудаар баталсан билээ.  

Эрдэмтэд соронзон резонансын томографийн /MRI/ тусламжтайгаар унтаж буй 13 хүний тархийг “сканердсан” бөгөөд тархи нугасны шингэн нь маш тодорхой хэмнэл бүхий урсгалаар унтаж буй тархи руу орж байжээ. Унтаж байх үед тархины идэвхжил буурдаг бөгөөд тархинаас цус гарсны дараа оронд нь тархи нугасны шингэн тархи руу ордог байна. Энэхүү урсгал нь тогтмол бөгөөд түүнийг урьдчилан таамаглах боломжтой учраас тархи нугасны шингэнийг хараад л тухайн хүн унтаж байна уу, эсвэл сэрүүн байна уу гэдгийг яг таг хэлж болно. Ийм дүгнэлт нь тархины хөгшрөлттэй холбоотой асуудлуудын талаарх нэмэлт мэдээллийг өгөх боломжтой. 


Тархины тал нь байхгүй үед


Хүний тархи өөрчлөгдөх, дасан зохицох гайхамшигтай чадвартай. Унаж татах өвчний илрэлийг багасгах үүднээс хүүхэд ахуйд нь тархиных нь талыг авсан зарим хүмүүсийн жишээ үүнийг баталдаг. Тархиных нь бүхэл бүтэн тал бөмбөлөг байхгүй ч гэлээ эдгээр хүмүүс хэвийн ажиллаж амьдарч байгаагийн учир нь тэдний тархины үлдсэн тал бөмбөлөг нь бэхжин хүчирхэгжсэнтэй холбоотой. Одоо 20-40 настай бөгөөд 3 сартайгаас 11 настай байх үедээ тархиныхаа хагасыг авахуулсан 6 хүний тархинд шинжилгээ хийсэн эрдэмтэд дээрх дүгнэлтийг хийжээ. Шинжилгээнд оролцсон хүмүүсийн тархийг мэс засалд ороогүй хүмүүсийн тархитай харьцуулсан аж.  

Тал тархитай хүмүүсийн тархины мэдрэлийн нэг сүлжээний хэсгүүд нь /тухайлбал харах мэдрэхүйг зохицуулдаг/ бүтэн тархитай хүмүүсийнхээс огт дутахгүй ажиллаж байгааг соронзон резонансын томографийн шинжилгээний өгөгдлүүд харуулсан байна. Түүнээс гадна, тархины янз бүрийн сүлжээнүүдийн хэсгүүдийн хоорондох нейроны холбоосууд нь тал тархиа авахуулсан хүмүүст илүү бат бөх байжээ. Энэ бол тархи өөрийн алдагдсан хэсгийг нөхөн орлож чаддаг болохыг харуулж байгаа юм. 


Хэл сурах нь


Төрөлх хэлээ сурахын тулд хүний тархинд компакт-дисктэй ижилхэн мэдээлэл хадгалах зүйл хэрэгтэй. Ердийн насанд хүрсэн англи хүний хувьд хэлтэй холбоотой 12,5 сая бит мэдээллийг /1,5 мегабайт ой санамж/ цээжилсэн байх ёстой. /Тархи мэдээллийг битээр хадгалдаггүй бөгөөд зөвхөн жишээ болгож бит гэдэг нэгжийг авсан болно/. Гэтэл эдгээр олон сая бит мэдээллийн ихэнх хэсэг нь хэлзүйн дүрэмд бус, өгүүлбэр зүйд бус харин үгийн утгад хамааралтай байдаг ажээ. Хамгийн ихдээ гэхэд, насанд хүрсэн хүн төрөлх хэлнийхээ 1-2 мянган бит мэдээллийг цээжилдэг бол хамгийн багадаа өдөрт 120 бит мэдээллийг цээжилдэг байна. 


Үхэжсэн тархийг амилуулах нь


Тодорхой тооны гахайнууд үхсэнээс хойш хэдэн цагийн дараа тэдгээрийн тархины цусны эргэлт, эсийн идэвхжилийг сэргээх туршилтыг эрдэмтэд амжилттай хийсэн байна. Үхсэний дараа тархи гэнэт, ямар ч эргэлт буцалтгүйгээр гэмтэж мөхдөг гэх өргөн тархсан ойлголтыг өөрсдийн хийсэн туршилтаараа тэд өөрчиллөө. Тархины эсүүд нь нэлээд удаан хугацаанд аажмаар үхдэг бөгөөд зарим тохиолдолд эл үйл явцыг удаашруулах тэр ч бүү хэл эргүүлж буцаах боломжтой гэдгийг судлаачид нотолсон байна.

Тэд үхлийн дараа тархийг судлах систем буюу БрейнЭкс /BrainEx/-ийг боловсруулсан бөгөөд уг системээр дамжуулан нийлэг цус орлуулагчийг тархины артерийн судас руу шахдаг ажээ. Уг уусмалыг 32 гахай үхсэний дараа тэдгээрийн тархи руу нь шахаад 6 цагийн турш байлгасан байна. Уг систем нь тархины эсүүдийн бүтцийг хадгалж, үхжилтийг удаашруулж, эсийн үйл ажиллагааг зарим талаар сэргээж байжээ. Гэхдээ тархи ямар нэгэн зүйлийг мэдэрч, ухамсарт төлөвт байгааг гэрчлэх тодорхой идэвхжилийг эрдэмтэд олж илрүүлээгүй байна.


Нууцлаг далд ухамсар


Комд ороод ухаангүй байгаа өвчтөнүүдэд “далд ухамсар”-ын шинж тэмдгүүд илэрч байгааг 6 дугаар сард явуулсан судалгааны дүн харууллаа. Тархины гэмтэл авсны улмаас ухаангүй байдалд байгаа 100 гаруй өвчтөний тархинаас ялгарч буй цахилгаан соронзон долгионыг эрдэмтэд судалсан байна. Гэмтэл авснаас хойш хоёр хоногийн дараа өвчтөнүүдэд хандан гараа хөдөлгөхийг хүсэхэд 7 хүн бүрийн нэгнийх нь тархинд идэвхжил буюу “далд ухамсар”-ын шинж тэмдгүүд тод ажиглагджээ.

Нэг жилийн дараа гэхэд, далд ухамсрын шинж тэмдэг бүхий өвчтөнүүдийн 44 хувь нь өдөрт дор хаяж 8 цагийн хугацаанд бие даан үйлдэл хийж чадаж байсан бол далд ухамсрын шинж тэмдгүүд илрээгүй өвчтөнүүдийн ердөө 14 хувь нь уг үйлдлийг хийж байжээ. Өөрөөр хэлбэл, далд ухамсрын шинж тэмдгүүд илэрсэн өвчтөнүүдийн хувьд эрүүл саруул болох магадлал хамаагүй илүү байна гэсэн үг.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://inosmi.ru/science/20191230/246529179.html

https://www.livescience.com/brain-findings-2019.html

Холбоотой мэдээ