Тариаланчдын урамшууллын асуудлыг шийдүүлж чадсан гавьяат

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-07 20:54:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг бүтээлцэж хөрс шороондоо сэтгэлээ шингээн зүтгэн хөдөлмөрлөж байгаа мянга мянган тариаланчид, ногоочид, жимс жимсгэнэ эрхлэгчиддээ сайн сайхны дээдийг хүсэн ерөөе. Хүн ардаа экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах үүрэгт ажлаа та бүхэн минь нэр төртэй хэрэгжүүлж байгаа шүү хэмээн бахархан ярьж буй энэ эрхэм шинэ оны босгон дээр Монгол Улсын Гавьяат агрономич хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон юм. Энэ эрхэм бол Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, ХАА ухааны доктор Ж.Баярмагнай билээ. Ингээд шинэхэн гавьяаттай цөөн хором хөөрөлдсөнөө та бүхэндээ хүргэе.


-Юуны өмнө танд шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат агрономич хэмээх эрхэм шагналын эзэн болсонд баяр хүргэе.

-Баярлалаа.

тар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн жилдээ хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүллээ. Газар тариалангийн салбар таны ажил амьдралтай салшгүй холбоотой байх гэж бодож байна?

-Монгол Улсад атар газар эзэмшээд 60 жил болж байна. Улс орон, аймаг, сум даяар, хувь хүмүүс  ч гэсэн Монгол Улсын газар тариалан ямар хэмжээнд яаж хөгжив, юунд хүрэв гэдгийг олон талаас нь ярьж  байгаа ийм онцлог цаг үе юм. Би анх 1977 онд ХААДС-ийн агрономийн ангид орж 1981 онд төгссөн. Энэ цаг үеэс эхлээд газар тариалангийн салбартай ажил амьдрал холбоотой өдий хүрч явна. Би Ерөө суманд өссөн. Ерөө бол газар тариалангийн том сум. Биднийг жаахан байхад тариа их хураадаг, бид тэр хураалтад нь ажилладаг байлаа. Тэр орчинд байгаа хүн бүр газар тариалантай холбоотой байсан. Энэ нөхцөл байдал газар тариалангийн салбарт ороход нөлөөлсөн байх. Нөгөө талаас миний аав малын эмч, ээж багшийн ажилтай. Манай аав намайг малын эмч болгох сонирхолтой, харин ээж эсрэг байр суурьтай байсан. Малын эмч маш хүнд ажил, энэ ажлыг ааваар чинь л дуусгая гэдэг байсан. ХААДС-д сурч байхдаа хотод эгчийндээ амьдардаг байсан. Сэлэнгэ үүлдрийг гаргасан мал зүйч Жавзмаа гэж хүн манай эгч. Эгч маань бас зоотехникийн ангид шилжүүлэх гээд. Би дургүй. Ингэж мэргэжлээ сонгосноос хойш  атрын 60 жилийн 37 жилд нь  газар тариалангийн салбарт ажилласан байна. Сургууль төгсөөд Номгоны САА-д үрийн агрономичоор томилогдлоо. Тэгсэн аймгийн ХАА-н удирдах газарт очиж бүртгүүл гэв. ХАА-н газрынхан 14 хоноод ирээрэй гэсэн. 14 хоноод очсон. Гэтэл ХАА-н удирдах газарт агрономичоор ажилла гэдэг юм. Би Номгонд хуваарьтай ш дээ гэлээ.  ХАА-н дарга н.Намсрайжав гэж хүн байсан. Бид хаана томилохоо мэднэ ээ л гэж байна. Ингээд ХАА-н удирдах газар үрийн агрономичоор нэг жил ажилласан. Энэ үеийг онцгой үе гэж боддог. Бичиг цаасны ажлыг энд жинхэнээсээ сурсан. Бүх САА-гаар явна. Тэр үед агрономич, инженерүүд гэж мундаг хүмүүс байлаа. САА-нуудын хагас, бүтэн жилийн тайланг хүлээж авна. Эндээс маш их зүйл сурч авсан. Одоо эргээд бодоход ингэж удирдах газар ажилласнаар энэ хэмжээний мэдлэг, боловсрол дадлагыг олж авч чадахгүй байсан байх гэж бодогддог. 1983 онд Алтанбулагийн САА-н ерөнхий агрономоор томилогдоод Алтанбулагийн САА-г хувьчлагдах хүртэл ажилласан.

-Тэр үеийн Алтанбулаг ямар САА-н ажил үйлсийн талаар дурсахгүй юу. Ямар үр бүтээлтэй ажиллаж байв?

-Тэр үед социалист бүтээн байгуулалт, социализмын материал техникийн баазыг хангана, хөдөө аж ахуйгаас аж үйлдвэрийн орон болно гээд нам засгаас том том зорилт тавьчихсан ажиллаж байсан. Алтанбулаг сум 15000 га эргэлтийн талбайтай. Үр тариа,  төмс, хүнсний ногоо, мал аж ахуйг эрчимтэй өсгөж үржүүлдэг ийм САА байлаа. 600-100 га-д төмс, 50 га-д хүнсний ногоо, 1500 га-д дарш ногоон тэжээл тарьдаг, 400 үнээний фермтэй, 2000 үхэр бордох цэгтэй САА байлаа. Намайг Алтанбулагийн САА-д ирэхэд салхины элэгдэл хөрсөнд маш их хүчтэй нөлөөлсөн байсан. 58 хувьд нь янз бүрийн байдлаар элэгдэлд орсон байв. Ирээд хөрс хамгаалах технологийг мөрдүүлэхэд гол ажлаа чиглүүлсэн. Уриншийг хавж боловсруулах, хөвүүлж хагалах технологиос татгалзсан. Тэжээлийн ургамлуудыг нэлээд сонирхсон. Ялангуяа 2000 үхэр бордох цэг, 400 үнээний фермийг даршаар, ногоон тэжээлээр, бэлчээрээр хангахад шинэ тарималуудыг маш их туршсан. Царгас, хөх тариа, жугар өвс гээд маш олон төрлийн зүйлийг тарьж, судалж үзэж байлаа. Манай САА хүнсний ногоогоороо намайг байх үед илүү хүч түрж гарч ирсэн. 50 га-д  услалтын систем байгуулж  байлаа. Манай хүнсний ногооны бригад улсын аварга болж байсан түүхтэй. САА-н ерөнхий агрономич хүн асуудал шийдэх, хүнтэй харьцах харьцаа зэргээрээ манлайлагч, газар тариалангийн технологийг бүгдийг нь мэддэг байх ёстой. Бас бүгдийг удирддаг байх нь чухал. Би ингэж л ажилласан. Миний удирдлагад 211 хүн ажиллаж байсан. Трактор, комбайнч, инженер, зөвлөлтийн мэргэжилтнүүд гээд. Ерөнхий агрономичоор ажилласан жилүүд хамгийн их хөгжилтэй, ирмүүн хүсэл эрмэлзлэлтэй, миний цаашдын байр суурийг тогтоож өгсөн тийм гэгээн сайхан үе маань гэж боддог.

-Хөгжилтэй хөгтэй, мартагддаггүй тийм нэг дурсамжаа хөглөөч?

-Тэр үеийн гол нэвтрүүлэг радиогийн “Ургацын  далай” байв. Байнга явна.  Нэг өдөр ургацын далайгаар Алтанбулаг сумын ерөнхий агрономи Баярмагнай гэж ууртай ширүүн, 13 кг байцаа хага өшиглөдөг агрономи байна гэж  яриад, шүүмжлээд. Нам, САА-н дарга нар дуудаад... Шугамын радиогоор нөгөө ярьж байгааг сумын намын хороо цуглачихсан сонсоод. Бөөн юм болсон. Үнэндээ хэтрүүлэг болсон л доо. Яг юу болсон гэхээр, байцааны хортон ид гарчихсан үе байлаа. Би урд өдөр нь аж ахуй дээр очоод хорны эсрэг бэлдмэлийг бэлтгэж өгөөд, яг энэ цагт ингэж цацаарай гээд явсан. Тэгсэн ногоочид цацаагүй. Маргааш нь очсон хорхой идээд, сагсайчихсан байсан. Тэр байдлыг хараад энийг хэн иддэгийн гээд өшиглөсөн л үнэн л дээ. Арай ч 13 кг биш ээ. Ингээд улс даяар мандваа. Тэр үед аймгийн Намрын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга н.Норовсамбуу дарга байлаа. Намайг үтрэм дээрээ байж бай гэв. За ингээд хэрэг ч мандаж байна даа, өчигдөр сумын намын хороо, өнөөдөр аймаг гэж бодоод л байж байсан. Үтрэм дээр будаа буучихсан ажил гэж ундарч байсан үе. Би ч одоо толгой хяргана даа, ингээд л дуусаа гэж бодож байлаа. н.Норовсамбуу дарга ч ирлээ. Би үтрэмээ, ажлаа бүгдийг нь танилцуулсан. Тэгээд, за машинд суу гэв. Яагаад радиогоор мандаад байна л гэж байна. Хэрэг байдлаа хэллээ. Хүнсний ногоо, төмсний бригадаар орлоо. Би намар оройн бэлчээрт зориулж доник, царгас тарьчихсан байснаа үзүүллээ. Тэгсэн дарга, “ажил сайн л явж байгаа юм байна. Ногоо бригадынхан чинь чамайг үгүйлээд байдгийн байна шүү дээ. Ажил ихтэй байж л дээ” гэж хэлээд явсан. Энэ маш том урам байлаа. Норовсамбуу даргаас өөр хүн байсан бол яах ч байсан юм билээ. Дараа нь Б.Цэдэндамбаа гуай эргэж ирсэн. Надтай уулзъя гэсэн. Би уулзаагүй. Араар баахан явж сурвалжлага хийгээд, дараа нь радиогоор Баярмагнай шиг сайн хүн байхгүй болж яригдсан. Энэ бүхний дараа Б.Цэдэндамбаа гуайтай танилцсан. Тэрээр “хоёр буриад уулзаагүй нь зөв болсон юм, уулзсан бол аягүйтвэл барьцалдаж авна гэж хэлж билээ. Энэ санаанаас огт гарахгүй үлджээ.

-Та Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байлаа. Аймгийг толгойлж байхдаа барьж ажилласан гол бодлого юу байв?

-САА тараад, компаниа байгуулаад 4 жил ажиллачихсан байсан үе. 2000 онд Р.Нямсүрэн дарга аймгийн Засаг дарга байв. Нэг өдөр дуудаад хамтарч ажиллая гэсэн. Орлогчоороо авъя, чи хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн, миний орлогч мэргэжлийн хүн байх хэрэгтэй байна гэсэн. Ингээд орлогчоор ирж ажилласан. Р.Нямсүрэн дарга миний 9, 10-р ангийн багш. Би 10-р ангиа ганцхан дундтай төгссөн нь Нямсүрэн багшийн физикийн хичээл байв. Сүүлд би энэ олон шавиасаа та мууг нь сонголоо гэж тоглож хэлж байсан юм. Тэр үед газар тариалан дараалан ган болсон, хувьчлал явчихсан, чадах чадахгүй хүмүүс компани авчихсан, нилэнхүйдээ дампуурлын ирмэгт тулчихсан үе байсан. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, технологийг сайжруулах, мэргэжлийн хүмүүсээр хангах чиглэл рүү гол анхаарлаа хандуулж байв. Хамгийн том дутагдал тэр үед уриншаа хийж чадахаа байчихсан байв. Уриншаа чадахгүй хүмүүс яаж тариа тарих билээ. Ингээд яаманд саналаа хүргүүлж, ярьж хэлсний үр дүнд яамнаас “Уринш”, “Үр” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Үрээр хангах, уриншийг шатахуунаар хангах зэрэг томоохон ажлуудаа ингэж хэрэгжүүлж  чадсан. Жил жилд л дэвшил гарч байлаа. Тухайн үед төрийн анхаарлаас газар тариалангийн салбар гарчихсан, бүх гурилын үйлдвэрүүд дампуурчихсан, будааг нь авсан газар мөнгийг нь өгөхгүй, ийм л хүнд нөхцөл байдалд байсан. Энэ байдлыг ажиллах хугацаандаа хэвийн гольдролд нь оруулсан. Үрээ шинэчилсэн, уриншаа хийдэг болсон. Ингээд ургац авах гол нөхцөлөө бүрдүүлж чадсан. Үүний дараа хөрс хамгаалах технологийг нэвтрүүлье гэдэг гол зорилт тавьсан. 1 см хөрс бий болоход 700-800 жил шаардлагатай. Хөрс бол өнөөдөр болтол хүн төрөлхтөн хийж чадаагүй ийм зүйл. Байгаль л хөрсийг бий болгодог. Хөрсөнд хатуу бие, хий, амьд организм бүгд байдаг. Энэ үед Гацуурт компани хөрс хамгаалах техник технологийг оруулж ирсэн. Энэ их түлхэц болсон. Мэргэжлийн бидний хувьд  журнал дээр хардаг мөрөөдөл байлаа. Үүнийг Гацуурт компани оруулж ирж, өнөөдрийн хөгжлийн зам руу бид явсан.

Би нэг зөвлөгөөн дээр хэлж байсан, бүх компаниуд ламтай болсон, одоо бүгд агрономитой болж гэж. Газар тариалангийн үйлдвэрлэлийг яаж зөв чиг хандлагад  оруулах вэ гэж их бодож, судалж байлаа. Бүх улс оронд энэ салбар улсаас татаас дэмжлэгтэй явдаг. Их ч судалгаа хийсэн. Засаг дарга байхдаа хийж чадсан нэг ажил маань энэ урамшууллын асуудал. Тухайн үед ерөнхий сайд М.Энхболд, ХАА-н сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Р.Нямсүрэн байлаа. Энэ 3 намрын ургац хураалтын байдалтай танилцахаар ирэхэд нь саналаа хэлсэн. Засгийн газрын хэмжээнд шийдэх асуудал байна. Энэ бол татаасын асуудал. Хамгийн шударга, хамгийн зөв арга бол улсад тушаасан буудайнд татаас өгдөг болох гэж. Энэ татаасыг ургац хураасны дараа нь өгье. Эцсийн үр дүнг нь харж байж өгмөөр байна. Ажилласан ажилд нь тааруулаад 50-100.000 тонн тутамд өгье. Улсад цэвэр тушаасан будаанд өгье гээд ирэхээс нь авахуулаад явах хүртэл нь хэлсэн. Хамгийн сүүлд Р.Нямсүрэн дарга энэ Баярмагнай ирэхээс явах хүртэл нэг юм ярилаа, үүнийг та бүхэн бодож үзээрэй  гэж хэлсэн. Тэр намар татаасыг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл энэ ажил явж байна. Энэ ажил тариаланчдад бас маш их дэмжлэг болж байгаа. Зөв юм хийвэл дэмжигдээд явдаг. Энэ 3 хүн газар тариаланг зөв чиг хандлагад нь оруулахад маш том шийдвэр гаргасан гавьяатай хүмүүс гэж би бодож явдаг. 

Холбоотой мэдээ