Австралийн түймрийн утаа Чили, Аргентинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-01-07 14:44:33

МОСКВА. /RIA Novosti/. Австралид дэгдсэн ойн түймрийн утаа Өмнөд Америкийн эрэгт хүрч, Чилийн төв болон өмнөд нутгийн томоохон газар нутгийг бүрхсэн тухай тус улсын Цаг уурын алба мэдээлжээ.


Австралид олон сая га газар түймэрт шатаж, түймрийн улмаас сүүлийн саруудад 17 хүн амиа алдаж, олон мянган байшин барилга сүйджээ. Зарим тооцоогоор 8000 коала баавгай, хэдэн зуун мянган амьтан үхсэн байна. Зарим газарт түймэр маш хүчтэй асаж, өтгөн утаатай байгаа учраас агаараас унтраах боломжгүй байгаа ажээ. Австралийн эрх баригчид түймэрт өртсөн бүс нутгуудад Тэнгисийн цэргийн хүчнийхээ хөлөг онгоц, нисэх онгоцуудыг илгээж байгаа бол тус улсын зүүн өмнөд эрэгт түймэртэй холбогдуулан нүүлгэн шилжүүлэн томоохон ажиллагаа явуулж байна.


“Зурган дээрээс Австралийн түймрийн утааг харж болно. Утаа агаарын урсгалаар Чили, Аргентинд хүрчээ” гэж Чилийн Цаг уурын алба Twitter хуудсандаа мэдээлэхдээ хиймэл дагуулаас авсан утааны зургийг хавсаргажээ.



Холбоотой мэдээ