"Архидан согтуурахтай тэмцэх жилийн аян"-ыг өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-07 16:44:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын шинэ оны анхны захирамж аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх аян зарлах тухай байв.

Аймгийн хэмжээнд 2019 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 211 бүртгэгдсэнээс 86.8 хувь нь, зам тээврийн ослын 44 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 47 хувь нь, 3310 зөрчил бүртгэгдсэнээс 55.2 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 30 хүн нас барж, 18 хүн гэмтэж бэртсэн бол согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодон осолд орж найман хүн нас барж, зургаан хүн гэмтэж бэртжээ.

Архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдсон шалтгааны 41.7 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас, 32.9 хувь нь гэр, орон сууцанд, 15.5 хувь нь гудамж талбайд, 8.4 хувь нь олон нийтийн газар буюу бааранд, 1.4 хувь нь төрийн байгууллагад үйлдэгдсэн байна. Ямар нэгэн шалтаг гаргаж зохион байгуулалттай архидах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооодох болон ахуйн хүрээний архидалт дорвитой буурахгүй байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн хэмжээнд "Архидан согтуурахтай тэмцэх жилийн аян" өрнүүлэхээр болжээ.

Захирамжийн хүрээнд архидан согтуурахтай тэмцэх жилийн аяныг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, эхний хурлаараа аяны хүрээнд ямар ажил, арга хэмжээг үр дүнтэйгээр зохион байгуулах төлөвлөгөө болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэн боловсруулж байна.

Холбоотой мэдээ