Халаалтын гол магистрал шугамд гэмтэл гарчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-07 16:31:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн дулааны эрчим хүчний “Тэвшийн говь” ХХК-ийн нэгдүгээр зуухны баруун талын гурав дахь худгаас хойшоо чиглэлд явсан гол магистрал шугамд гэмтэл гарч, гэмтлийг олж тогтоохоор тус компанийн ажилчид ажиллаж байна.

Энэхүү шугам нь Хүмүүнлэг сургууль, Монгол банк, Хас банк зэрэг хэд хэдэн томоохон байгууллагыг халаадаг учраас халаалтыг хаах боломжгүй, хэдийгээр усны алдагдал их байгаа ч гэсэн халааж байгаа хэмээн тус компанийн ажилтан Б.Батнаран мэдэгдлээ.

Гэмтэл гарсан газарт аймгийн ОБГ, МХГ, Онцгой комисс, аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцаад явжээ.

Хамгийн хүндрэлтэй нь энэхүү төв шугамын хамгаалалтын зурвас дээр “Анд плаза” гэх барилгын довжоо баригдсан учраас шугам яг хаанаа, ямар хэмжээний гэмтэл гарсныг мэдэх боломжгүй байгаа ажээ.

Б.Батнаран хэлэхдээ “гурван өдрийн өмнөөс эхлээд усны түвшин багасаад, хүчтэй галлаж болохгүй байсан. Бүх худгаа шалгаж яваад өчигдөр орой энд гэмтсэн байна гэдгийг мэдэж, оройноос хойш хүмүүсээ ажиллуулж байна.

Энэ барилга манай дулааны шугамын хамгаалалтын зурвас дээр баригдсан. Сүүлийн үед шинээр барилга, байшин барихдаа дулаан өгдөг байгууллагын зөвшөөрлийг авахаа больчихсон учраас ийм байдал үүсч байна. Би өөрөө ГХБХБГ дээр очиж материалыг нь үзсэн.

Өнөөдөртөө лав довжоог эвдэж, газар доорх шугамын гэмтлийг олж тогтоож амжихгүй байх, хэрэв энэ байдлаараа удвал шугам хөлдөх ч аюул учирч магадгүй” гэлээ.

Одоогоор “Тэвшийн говь” ХХК-ийн 3 ажилтан довжоог хэмхэлж байгаа боловч энэ нь маш их цаг авсан, хүнд ажил гэдэг нь харагдаж байна. 

Холбоотой мэдээ