Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-08 15:12:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж дэмжлээ.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангах нийгмийн шаардлага, ард түмний хүсэл зоригт нийцүүлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг баталгаажуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санааг холбогдох хууль тогтоомжид дэлгэрүүлэн тусгаж нийцүүлэх, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, ач холбогдлыг нь ард түмэнд сурталчлан таниулах зорилтыг эш үндэс болгож тогтоолын төслийг боловсруулсан байна.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналтай холбогдуулан хуралдаан даргалагчаас төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Энэ дагуу төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос ажлын дэд баг байгуулж ажиллуулжээ. Ажлын дэд багаас гаргасан зарчмын зөрүүтэй дөрөв, найруулгын гурван бүлэг саналаар санал хурааж шийдвэрлэснийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.


Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар тогтоолын төслийн 7 дугаар зүйлийг “Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг дэмжив. 


Мөн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгийн хүснэгтэд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2020 он, төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг тодорхой болгох” гэсэн агуулга бүхий мөр нэмэх, хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгээс 2 дахь мөр, 3 дахь хэсгийн хүснэгтийн 5, 6 дахь мөр, 4 бүлгийн хүснэгтээс 2 дахь мөрийг тус тус хасахаар болов.


Түүнчлэн хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 4 дэх мөрийн “Хуулийн төслийн харилцааны товч утга” гэсэн баганын “Цөмийн энергийн тухай хуулийн 5.1 дэх хэсгийн “төрийн” гэсний дараа “нийтийн” гэж нэмж Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх” гэснийг “Хуулийн зохицуулалтыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байх зарчимд нийцүүлэх” гэж өөрчлөхөөр тогтлоо.


Дараа нь тогтоолын төслийн хавсралтад заасан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьтай холбогдуулан гишүүдээс гаргасан найруулгын чанартай бүлэг саналуудаар санал хурааж дэмжин, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.

Холбоотой мэдээ