Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг хэлэлцүүлгийг эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Хууль санаачлагч оюуны өмчийг бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад үзүүлэх төрийн дэмжлэг зэргийг төсөлд тусгажээ. Ажлын баг хоёр удаа хуралдсан байна.
Хуулийн төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасгийг орон нутагт байгуулах боломжийг нээх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн оролцооны хүрээнд хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын ажил эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар төсөлд тусгасан байна. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх, тэрхүү үнэлгээг хийх эрх бүхий субьект үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрхэн авах, түүний үйл ажиллагааг чиг үүргээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлжээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналыг томьёолсон болохыг Н.Оюундарь гишүүн танилцуулав.
Ажлын багийн танилцуулгын дараа Хууль зүйн байнгын хорооны даргаас хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв.