Халдварт хатгалгаа бүртгэгдсэн нутгуудад зорчихгүй байхыг зөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-09 13:25:37
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 2-нд шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгааны тохиолдол анх бүртгэгдэж 6-ны өдөр Хонконг, Сингапурт илэрсэн. Тус улсын эрүүл мэндийн байгууллага өвчний шалтгаан, эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү өвчин нь шувууны томуу, мэрскоронавирүс биш болох нь батлагджээ. 


Үүнтэй холбоотой ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллага хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшин “дунд” зэрэг, идэвхжлийн 1 зэрэгтэй байна гэж үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд онцын шаардлагагүй бол халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна.


Мэргэжлийн хяналтын байгууллагаас:


- БНХАУ-аас ирж буй зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, асуумж авах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчийг илрүүлэх, түр тусгаарлах, эрүүл мэндийн тусламж үзүүлж эмнэлэгт шилжүүлэх,

- Зорчигчийн халуун хэмжих төхөөрөмж, улсын байцаагч, мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцасны бэлэн байдалд анхаарах,

- Зорчигчдод сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх,

- Тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийх,

- Болзошгүй байдлын үеийн аргачилсан зааврын дагуу бэлэн байдлыг хангах,

- БНХАУ-аас импортлогдож буй хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүний баримт бичиг, гарал үүсэл, хорио цээр, аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлт, хадгалалтад анхаарах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Холбоотой мэдээ