Абхазын парламент Ерөнхийлөгчөө огцрохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-10 09:37:27

СУХУМ. /RIA Novosti/. Абхазын парламент пүрэв гарагт явуулсан ээлжит бус чуулганаараа тус улсын Ерөнхийлөгч Рауль Хажимбаг огцруулахыг дэмжжээ.


Абхазын Ерөнхийлөгч өмнө нь огцрохоос татгалзсан боловч сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн байна.


Пүрэв гарагт хэдэн зуун хүн Сухум хотын төвд орших Ерөнхийлөгчийн засаг захиргааны байрны өмнө цуглажээ. Сухум хотын шүүхээс 2019 оны 11 дүгээр сард гурван хүний амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан баривчлагдсан хүмүүсийн нэг нь Абхазийн Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтан байсан бололтой. Цуглааныг зохион байгуулагч Ахра Авизба нь хохирогчдын нэгийнх нь төрөл садан ажээ. Дараа нь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэж байсан шүүх хуралтай холбогдуулан цугларсан сөрөг хүчний төлөөлөгчид Ерөнхийлөгчийн засаг захиргааны байрны өмнө очсон бөгөөд тэдэнтэй Абхазын зарим иргэд нэгдсэн байна. Жагсагчид Хажимба огцрохыг шаардаж, Ерөнхийлөгчийн засаг захиргааны байр руу дайран орсон боловч тэдний дайран орох үед төрийн алба хаагчид ордныг хэдийнэ орхисон байжээ.


Хажимба Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж, шаардлагатай тохиолдолд онц байдал тогтооно гэж мэдэгдсэн байна. Мөн хүчнийхнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ.


Холбоотой мэдээ