АНУ хэлэлцээгээ сэргээхийг БНАСАУ-д санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-13 10:20:35

ВАШИНГТОН. /TASS/. Хоёр орны харилцааг хэвийн болгох зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард зогсоосон хэлэлцээгээ сэргээх саналыг АНУ БНАСАУ-д тавьсан байна. 


“Бид Умард Солонгост хандаж, хамгийн сүүлд 10 дугаар сарын эхээр Стокхольмд хийсэн хэлэлцээгээ сэргээх саналтай байгаагаа мэдээлсэн. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны өгсөн цөмийн зэвсгээс ангижрах амлалтыг биелүүлэхийн тулд бид хэлэлцээг зөв гольдрилд нь буцаан оруулах хүсэлтэй байгаагаа олон сувгаар дамжуулан тэдэнд мэдэгдсэн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Роберт О'Брайен “Axios” мэдээний цахим хуудаст ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Тэрбээр мөн хэдийгээр “Зул сарын баярын бэлэг” амласан боловч БНАСАУ ямар нэг шинэ туршилт явуулахаас одоогоор татгалзаж байгаа нь сайны тэмдэг гэж үзэж буйгаа цохон тэмдэглэсэн байна.


Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд харилцан буулт хийх баримт бичиг боловсруулахад Вашингтонд өгсөн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсон гэж БНАСАУ-ын төлөөлөгч урьд нь мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор “Зул сарын баяраар ямар бэлэг авах нь” АНУ-аас шалтгаална гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Сон 12 дугаар сарын 3-нд мэдэгдсэн. Энэ нь пуужингийн шинэ туршилт байж магадгүй гэж Америкийн зарим хэвлэл мэдээлж байв. Харин Трамп мэдэгдэхдээ, Зул сарын баяраар Ким Жөн Ун түүнд “пуужингийн туршилтын оронд гоёмсог ваар” илгээж магадгүй гэж хошигнон хэлсэн билээ.


Холбоотой мэдээ