Агаарын бохирдолт, орчны тоосжилтыг хянах төхөөрөмж суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-13 12:36:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Иргэд гар утсаа ашиглан агаарын бохирдолт, орчны тоосжилтыг хянах бүрэн боломжтой боллоо.

Чех улсын “People in need Mongolia” төслийн санхүүжилтээр агаарын чанарын бохирдлыг тодорхойлох бүрэн автомат, зөөврийн 3 ширхэг IQAir багажийг Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн гадна талд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн цахим бүртгэлийн хажууд тус тус суурилуулжээ. Тус багажаар агаарт агуулагдах тоосонцрын хэмжээ, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг үзүүлэлтүүдийг хоёр цаг тутамд хэмждэг аж. Уг төхөөрөмжийн мэдээг иргэд Airvisual аппликэйшнээр дамжуулан авч, тухайн орчныхоо агаарын чанарын үзүүлэлтүүдийг хянах боломжтой юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн хурлаар “Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2019-2022 онд хэрэгжүүлэх 18 чиглэл бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Засаг даргын шийдвэрээр батлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төхөөрөмжийг суурилуулах ажил ажээ.

Ташрамд дурдахад 2019 оны эх үүсвэрийн нэгдсэн тооллогын дүнгээр нийт 14690 агаар бохирдуулагч суурин эх үүсвэр, 25700 авто тээврийн хэрэгсэл, үүнээс Арвайхээр суманд 10 квт хүртэлх хүчин чадалтай эх үүсвэр-6147 /айл өрх/, 11-100 квт-ын хүчин чадалтай эх үүсвэр-125 /бага оврын халаалтын зуух/, 101 квт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэр-50 /том оврын халаалтын зуух/ авто тээврийн хэрэгсэл 10114 тус тус тоологдсон байна.


Холбоотой мэдээ