“Арвайхээр ТҮК” 40 тонн давсны нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-14 20:32:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд энэ оны анхны гэж хэлж болохоор цас өнгөрөгч амралтын өдрүүдэд хялмааллаа. Үүнээс үүдэж, зам тээврийн осол багагүй гарсан байна. Тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж, замын нөхцөл байдлыг харгалзаж яваагүйгээс жижиг тэргүүд шарваж, замын хажуу руу унажээ.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай дахь цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтираа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч энэ өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газраас бусад байгууллага хуваарьт газраа цэвэрлээгүй гэдгийг “Арвайхээр ТҮК”-ийн Тохижилт, гэрэлтүүлгийн албаны менежер Д.Сосорбарам хэлж байлаа.

Хэрэв хүн халтирч, гэмтвэл тухайн газарт хуваарьтай байгууллага хариуцлага хүлээнэ гэдгийг тэрээр сануулав.

“Арвайхээр ТҮК”-ээс жилд 50 орчим тонн давс нөөцөлж, халтиргаа гулгаа үүссэн үед замд цацдаг бол энэ жил авто замын хэмжээ нэмэгдсэнээр 70 тонн давс нөөцлөх шаардлагатай байгаа аж. Одоогоор 40 тонн давсны нөөцтэй байна.

Холбоотой мэдээ